Х.Баттулгын АНУ-д хийх айлчлалын бүрэлдэхүүнд Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан яагаад багтав?

Админ
2019/08/01

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлал анхаарлын төвд байна. Хоёр улсын тэргүүнүүд албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс дараах тунхаглалыг гаргаж, Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, конгресст өргөн барьсан гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцсан нь айлчлал чамгүй амжилттай болсоныг харуулах мэт. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр айлчлалын нэгэн зураг цахимаар асуултын тэмдэг дагуулан тархаж байгааг энд онцолъё.  

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явсан. Харин албан бусаар хэдэн хүн явсан нь тодорхойгүй ч ажлаа аваад гурван сарын нүүр үзэж байгаа Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан яагаад албан ёсны төлөөлөгчдөд нэр нь дурдагдаагүй, ямар зорилгоор айлчлалын бүрээлдэхүүнд багтсан гэдэг нь ихээхэн сонирхол татаж байгаа юм.

 

Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа оффшор данстнуудыг хөрөнгөө эх орондоо оруулж ирэхийг уриалж байсан билээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр АНУ-д ажиллаж, сурч буй монголчуудтай уулзах үеэрээ “Оффшор дахь мөнгийг Монгол Улсад оруулж ирэхээр тууштай ажиллаж, энэ байр суурин дээрээ бат зогсож байгаа” хэмээн мэдэгдсэн, айлчлалын бүрэлдэхүүнд багтсан Асашёорюү Д.Дагвадорж цахим хуудас дээрээ “Авлигачдыг шувтлах болно” гэж бичсэнээс харвал Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг алс холын АНУ руу дагуулж явсаны шалтгаан  оффшор уу гэх хардлагыг төрүүлээд байна.

 

Нөгөөтэйгүүр тэрбээр 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлээд байгаа. Тэдгээр шүүгчдийн нэг болох   нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат өдгөө АНУ-д саатуулагдаад буй.  С.Төмөрбат нь зарлиг гардаг өдөр гэр бүлийн хамт Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор хил давж, ОХУ руу явж, улмаар биедээ их хэмжээний ам.доллартай АНУ-ын хилээр нэвтрэх гэж байгаад тус улсын хилийн албаныханд баригдан саатуулагдсан юм.  Ээж нь Салхитын мөнгөний ордын асуудлаар шалгагдаж байгаад амиа хорлосон, аав нь БНХАУ-аар дамжин далайн чанадын орон руу явсан түүнийг эх оронд нь авчирах тал дээр ажилллаж байгаа. Гэвч АНУ-ын хуулийн байгууллага шүүгч асныг эрүүгийн хэрэгт татаагүй харин сэжигтэн гэж үзэж буй нь хэргийг удаашруулж байгаа талаар АТГ-аас энэ долоо хоногт мэдэгдсэн. Тэгэхээр Б.Жаргалсайханы АНУ руу явсан шалтгаан мөн л энэ байж болох талтай.

 

Ямартай ч Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ дахь айчлалаасаа богц дүүрэн ирэх нь бололтой.

 

Б.Ариун


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна