Б.Хурцын хүргэн ах Х.Даваажав: Шүүх хурлыг нээлттэй явуулмаар байна

Админ
2019/08/12

Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хурал Төв аймгийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралдааны танхимын гадна тайлбад иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл хоёр хэсэг болон тайван жагсаал хийж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Ингээд шүүгдэгч ТЕГ-ын дарга асан Б.Хурцын хүргэн ах болох Х.Даваажаваас дараах зүйлийг тодрууллаа.

 


-Б.Хурц нартай холбогдох 9 хүнд холбогдох шүүх хурал энэ цаг мөчид явагдаж байна.  Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?


- Миний байр суурь ойлгомжтой. Энэ хэрэг гарсанаас хойш 20 гаруй жил болж байна. Хэргийг шийдэх цаг нь алт хэдийнэ болчихсон, тийм эрх мэдэлтэй хүмүүс нь ч байдаг. Захиалагчийг нь хүртэл зарлая гэсэн хүмүүс байгаа. Тиймээс тэдгээр хүмүүс нь шүүх хуралд оролцоод энэ хэргийг нэг мөр мухарлах хэрэгтэй. Энэ бол амьд гэрчтэй хэрэг шүү дээ. Гэтэл ард түмнийг талцуулсан хэрүүлийн алим болчихлоо. Тиймээс шүүх хурлыг нээлттэй явуулах нь зүйтэй гэсэн саналтай байна.  Нөгөөтэйгүүр энэ хэрэгт хууль хүчнийхнийг буруутгаж байгаа зүйл бий. Үнэхээр буруутай байна уу, үгүй юу гэдгийг хэргийг нь нууцын зэрэглэлээс нь гаргаад шүүх хурлыг нь нээлттэй явуулаад л харчих хэрэгтэй. Асуудлыг энэ мэт маш амарханаар шийдчихэж болно. Гэтэл цөөн тооны улстөрчид энэ хэргийг шударгаар шийдүүлэх сонирхолгүй байна уу даа л гэж харж байна.  

 


-Энэ асуудал дээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар өнөөгийн эрх баригчидаас өөр байр суурьтай байгаа. Тэгэхээр шүүх хурал шударга явагдана гэдэгт хэр их итгэлтэй байна вэ?


- Шүүх бол тусдаа бие даасан засаглал. Тэр утгаараа хууль ёсны дагуу ажиллах боломжоор нь хангасан байх ёстой.  Үүнийг ард түмэн ч шаардаж байна. Тэгэхээр шүүх хурлыг нээлттэй хийвэл шударга ёсонд нийцнэ гэсэн л байр суурьтай байна. 

 


- Ар гэрийн байдал ямар байна?


- Бидэнд ч гэсэн хүнд л байна. Хоёр жил гаруй болчихлоо. Ар гэр нь дарамттай байна. Ээж, аав нь бие муутай хүмүүс байдаг. Тэд чинь Монгол улсын нэг иргэд шүү дээ. Энэ хэргийг ил болгоод л шийдчих асуудлыг яагаад ингэж ард иргэдийг талцалд хүргэж, хүндрүүлж байгааг ойлгохгүй байна. Ямар сонирхол байгааг үнэхээр хэлж мэдэхгүй байна. 

 


- Шүүхийн гадна Б.Хурцын найз нөхөд, хамтран ажиллагсад нь ирж, үзэл бодлоо илэрхийллээ?


-  Бид ч гэсэн Монголын иргэд. Үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бид эдлэх ёстой. Нэг тал нь ингэж дайрч давшилаад байгаа энэ үед нөгөө тал нь гэмтэй буруутай юм шиг ойлголт төрнө шүү дээ. Тийм биш юмаа гэдгийг ард түмэндээ хэлэх ёстой гэж бодож байна. Найз нөхөд, хамтран ажиллагсад, ар гэрийнхнээс нь ирж байна. Бид нарыг мөнгө төгрөг аваад жагсаж байна гэж хэлж байна. Жинхэнэ мөнгө төгрөг аваад жагсаж байгаа хүмүүс нь ийм зүйл ярьж байна уу даа гэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна.   

 

"Товч" мэдээллийн агентлаг газар дээрээс нь шууд мэдээлж байна.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна