Б.Хурцыг хууль дийлэх үү ...

Админ
2019/08/19

ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хууль, шүүхийн байгууллагад шинэчлэл хийхээр зарласнаас хойш багагүй хугацаа өнгөрч байна. Томоохон байгууллагуудын удирдлагыг сольж, дотоод зохион байгуулалтыг нь өөрчилж, зарим байгууллагын үйл ажиллагаа уг зөвлөмжийн хүрээнд нэлээд нээлттэй болсон. Харин Төрийн гурван өндөрлөгийн эхлүүлсэн уг шинэчлэл бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж буйг өнөөдөр харна гэх хүмүүс цахимд цөөнгүй байна. Учир нь  ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕПГ-ын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурлын шийдвэр өнөөдөр гарна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн тус шүүх хурал бүтэн таван өдөр хуралдсан ч шийдвэрээ гаргаж чадаагүй. Улмаар өнгөрсөн баасан гарагийн орой 18 цагийн үед ажлын цаг дууссан шалтгаанаар өдрийг хүртэл хойшлуулсан юм. 


Хэрвээ шүүх С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүү шүүлт тулгаж, гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн үнэн буюу дээрх шүүгчдэгчдэд ял оноовол монголчуудыг 20 жилийн турш үнэний эрэлд гацаасан уг хэрэг дахин задарна. Гэхдээ Б.Хурц нар тийм ч амархан бууж өгөхгүй нь ойлгомжтой. Гурван ч шатны шүүхээр явж, Улсын Дээд шүүх яллах тогтоол гаргаж гэмээн  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хэргээ задалж, шүүх тэднийг хэлмэгдсэн гэдгийг нь тогтоосны дараа суллагдах учиртай. Тэгэхээр энэ удаагийн шүүх шийдвэр “их замын эхлэл” ч байж мэднэ.     


Б.Хурц нарын тухай улс төрчид барин тавин баримттай мэдэгдэлүүдийг хийсээр ирсэн. Ялангуяа түүнийг БНСУ-д суух Элчин сайдад яригдаж байх үед нэр бүхий улстөрчид ноцтой мэдэгдэлүүд хийж байсныг эргэн сануулъя. 

 


УИХ-ын гишүүн Ж.Батзандан 


- Д.Энхбат гэдэг залууг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Франц, Германаас унтуулдаг тариа хийж хулгайлж, хууль бусаар авчирсан хүн бол Б.Хурц юм. Талийгаач залуу бүтэн нэг жил Монголын шоронд хууль бусаар хоригдоод, хилс хэрэгт баривчлагдсан нь тогтоогдож суллагдсанаас хойш 6 сарын дараа амь насаа алдсан. Үүнийг зохион байгуулсан, хууль бусаар хүн хулгайлсан гэмт хэрэгт Б.Хурц гэдэг хүнийг Европын холбоо, Английн шүүх, Германы шүүх, хууль хяналтын байгууллагууд шалгадаг. Одоо ч энэ хэрэг дуусаагүй байна. Үүнийхээ төлөө Европын холбоо руу орох эрхгүй, Persona non grata болсон хүн. 

 

Мөн Эрдэнэтийн 49 хувийг Худалдаа Хөгжлийн Банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол манай алдарт тагнуулч Б.Хурц юм. 49 хувийг Засгийн газар давуу эрхээр худалдан авах бүрэн боломжтой байсан. Гэтэл ХХБ-нд авч өгөх операцыг ТЕГ-ын дарга, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар УИХ-д мэдэгдэхгүйгээр хийсэн.  Түүнчлэн ТЕГ-ын дарга Цогтбаатар гэдэг хүнд хилсээр ял өгч, хэлмэгдүүлж шоронд явуулсан, зохион байгуулсан хүн нь Б.Хурц болох нь үнэн гэдэг өргөдлийг Цогтбаатарын эхнэр Мандах гэдэг эмэгтэй УИХ-д өгсөн. Энэ өргөдлийг УИХ өнөөдрийг хүртэл хэлэлцэхгүй дарж байна хэмээн мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Л.Болд Байнгын хорооны хурал дээр нэгэн ноцтой мэдэгдэл хийж байсныг хүргэж байна.

 

 

 

Б.Хурцыг хариуцлага хүлээх ёстой хүн хэмээн мэдэгддэг хүний нэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж юм. 
 

Зул бөхөхийнхөө өмнө бадамлаж асдаг. Тэр л болж байгаа болов уу. Намд үйлчилдэг хууль хяналтынхныг илчилнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тэрээр Д. Энхбатыг Европын орнуудаар дамжуулан авчирч хэлмэгдүүлсэн улс төрийн тагнуулч. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш тийш болгох ажиллагаанд Б.Хурц оролцсон шүү. Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү нь Б. Хурц. Ийм оролцоотой, ийм учиртай юм. “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас урьтаж тэд нар ийм мэдээлэл хийж байгаа юм байна л даа. Б.Хурц С.Зоригийн хэрэгт хүмүүсийг мөчид баримтаар хилсээр шийтгүүлсэн дээ сандарч байгаа. Намайг гадаадын тагнуул биш гэдгийг шүүх нотолчихсон. Хууль хяналтын байгууллага толгой дээр гарсан гэж яриад байгаа нь учиртай. Би өөрийнхөө мэдлийн хүрээнд хуйвалдааны сүлжээнд орсон цагдаагийн байгууллагыг цэвэрлэнэ. Би зогсохгүй, ингэх тусам илүү цэвэрлэнэ" хэмээн мэдэгдэж байсан билээ. 

 

 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна