Ц.Нямдорж: Баян тарган гишүүдээ дууд, хөрөнгөөрөө аархаад байгаа юм уу хаашаа юм бэ

Админ
2019/08/30

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой асуудал хэлэлцэж байгаа ч УИХ-ын зарим гишүүд хуралдаа ирэхгүй байгааг Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ширүүхэн шүүмжиллээ.

 

Тэрбээр

 

-    Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг нь дөрөв дэх удаагаа харж байна. Санал нийлэхгүй юм байгаа ч хүндэтгэлтэй хандаж байна.


-    Байхгүй гишүүд хэн болчихсон юм, юу болчихсон юм бэ?


-    Ардын намын харъяалалтай, албан тушаал авах гэхээрээ бараг ганцхан удаа сонгогдчихоод Ерөнхий сайд болчихдог, бараг сонгогдоогүй байж Сайд болчихдог атлаа улс орны амин чухал асуудал, магадгүй дараагийн 10 жилийн хугацаанд хэлэлцэх боломжгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэх гэж байхад яагаад ирдэггүй юм бэ?


-    Жаргалтулгын Эрдэнэбат нэг удаа сонгогдоод Ерөнхий сайд болчихсон, Нямтайширын Номтойбаяр хоёр удаа сонгогдоод Сайд болсон. Энэ хүмүүс хайчихсан юм бээ.


-    Отгонбилэгийн Содбилэг хаана явна. Аав, ээж нь УИХ-ын гишүүн байсан. Монголын төр, Монгол ардын нам хоёр энэ гэр бүлд бүх чадлаараа тусалж дэмжиж явсан.  Албан тушаал гэхээр би би гээд гараад ирдэг, амин чухал асуудал болохоор яагаад алга болчихдог юм бэ?


-    Бүтэн гурван жил унтлаа, яагаад 10 цагт хуралдаа ирж сурдаггүй юм бэ???


-    Чингэлтэйн Д.Ганболд Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэнэ гэдгийг мэдсээр байж онгоцонд суугаад алга болсон гэж байна. 


-    Д.Дамба-Очир, Ч.Хүрэлбаатар, Ш.Раднаасэд нарыг шалтгаантай байгааг ойлгож байна.


-    Бид нар та нараас ичиж байна. О.Баасанхүү гишүүнээр өдөр болгон бичлэг хийлгүүлж, Б.Пүрэвдорж гишүүнд өдөр болгон загнуулж байна. Хүний өмнөөс ичих шиг адгийн юм байдаггүй юм байна.


-    Нэр дурдсан баян тарган гишүүдээ дууд. Хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхахгүй гээд Үндсэн хуульд бичсэн байдаг. Хөрөнгөндөө аархаад байгаа юм уу. Өөрсдийнх нь хөдөлмөрлөж олсон хөрөнгө биш л дээ. Гарал үүслийг нь мань мэт нь гадарлана.


-    Та нарыг монголын төрд ороод аятайхан ажиллах боловуу гэж горьдож байлаа.


-    Бид нар улс  төрөөс явна. Гэтэл та нар яаж 3 сая ард түмний амьдралыг авч явах вэ. Албан тушаал, мөнгөөс өөр бодох юм алга. 


-    Унтаад байх юм, шөнөжин баар саванд ажил амьдралаа өнгөрүүлдэг юм уу...


-    Намайг загнаж байна гэж хэлэх л байх. Би та нарыг загнаж байна, тэгээд юу гэж... гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна