Х.Баттулга: ОХУ-ын ЗГ-аас хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг төмөр замд зарцуулна

Админ
2019/09/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар хамтарсан мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр манай улсад албан ёсны айлчлал хийж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч  В.В.Путинтэй ганцаарчилсан уулзалт, өргөтгөсөн хэлэлцээ хийж, олон асуудлаар ажил хэрэгч, нөхөрсөг нээлттэй санал бодлоо солилцож, чухал шийдвэрүүдэд хүрч чадлаа. 


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг хамтран тэмдэглэж байгаад бид баяртай байна. Энэхүү ялалт бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бататгаж, хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөлийг гагнасан ариун үйл хэрэг юм. 


Манай хоёр орны ард түмэн энхийн бүтээн байгуулалтын цаг үед ч, дайны халуун өдрүүдэд ч хамтдаа тулалдаж явсан анд нөхөд. 


 Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө амь хайргүй тэмцсэн Монгол, Зөвлөлтийн дайчдын түүхэн гавьяаг үүрд дурсах болно. 


ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалаар Монгол, Оросын харилцаа дахин нэг шат ахиж, Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ. 


Энэхүү гэрээг хугацаагүйгээр байгуулж байгаа нь хоёр талын итгэлцлийг бататгасан, ажлын ажиллагааг харилцааны шинэ үед хүргэснээрээ улс төрийн түүхэн ач холбогдолтой гэж үзэж байна. 
ОХУ-ын Ерөнхийлөгчийн манай оронд хийж буй айлчлал нь маш өндөр агуулгатай, ажил хэрэгч болсныг мөн тэмдэглэж байна. Айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлэх Засгийн газар, яамд хоорондын 10 баримт бичигт гарын үсэг зурлаа. 

 

Монгол Улсад цэрэг, техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлчийг сунгах тухай хоёр орны Засгийн газар хоорондын протоколыг шинэчлэн байгуулсныг тэмдэглэхэд таатай байна. 


Ирэх онд болох Аугаа их орны дайны ялалтын 75 жилийн ойн баярт урьсан ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгыг талархан хүлээн авч байна. Энэхүү түүхэн ойд Монголын тал өргөн бүрэлдэхүүнээр оролцохоо илэрхийллээ. 

 

ОХУ-ын Засгийн газраас бидний хүсэж байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, эрчим хүчний салбарт Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо мөн илэрхийллээ. 


ОХУ-ын өөрийн алс Дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг ханган, Монгол Улсыг далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна.

 

2008 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг, ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна. 


Оросын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн Худалдааны байгууллагаа Владивостокт нээхээр төлөвлөж байна.  

 

Цаашид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр түвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтайгаа мөн илэрхийллээ. 

 


ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын Хөгжлийн банк хооронд рубль, төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, мөн санамж бичиг байгууллаа. 

 


Мөн Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх түвшинд хүрснийг энэ үеэр мэдэгдлээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна