Корона авчирсан “Арева”

Админ
2020/03/10

Францын хөрөнгө оруулалтай “Арева” компанид ажилладаг Франц улсын 57 настай иргэнээс шинэ төрлийн коронавирусний тохиолдол илэрсэн гэдгийг Улсын онцгой комиссоос өнөөдөр /2020.03.10/ албан ёсоор мэдээлсэн. Тус иргэн Франц руу явж, 10 гаруй хоноод гуравдугаар сарын 2-нд Монгол Улсад иржээ. Дорноговь аймагт тусгаарлагдаад буй тухайн иргэнийг ирснээсээ хойш анхдагч болон нэгдүгээр хавьтлаар тухайн хүнтэй уулзсан, хамт байсан хүмүүсийн тоо гарчээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы өгч байгаа мэдээллээр Халдвар илэрсэн иргэнтэй хавьтал авсан 300 гаруй иргэнийг тусгаарлах ажил Улаанбаатарын хэмжээнд хийгдэж байна.

 

“Арева майнз” ямар компани вэ?

 

 

Халдвар илэрсэн Францын иргэн нь “Арева майнз” компанийнн ажилтан. Тус компани нь 2017 онд нэрээ өөрчилж, “Бадрах энержи” болжээ.  Тодруулбал, Францын төрийн өмчит “Арева” группийн охин компани болох “Кожеговь” ХХК-ийн Дорноговь зэрэг аймгуудад эзэмшдэг ураны гурван лицензийг өнгөрөгч 2018 оны зургаадугаар сард “Бадрах Энержи” ХХК-д шилжүүлсэн байдаг.

 

Тус компани Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж буй нэрээр олборлолт явуулж, 150 метрийн гүнд хүхрийн хүчил шахаж, гүний усаар дамжуулан буюу уусган баяжуулах замаар 60 гаруй тонн ураны нөөц бэлдсэн байгаа талаар өнгөрсөн 9 дүгээр сард иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийж байсан билээ.

 

“Урангүй Монгол” хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Я.Хундаганаа  “600 шоо метр шороо ухаж, 1 гр уран авчихаад цацрагийн хортой чигээр нь хаяж байна. Ингээд ус, салхиараа дамжин хүн, мал авчилж, гамшгийн хэмжээнд хүрсэн байна. Нэг худгаас усаа авдаг дөрвөн айлын эмэгтэй зулбаж, мал нь эрэмдэг төрж байна. Бидний нүдэн дээр нэг хонь, ямаа гаргахад дотор эрхтнүүд нь тэр чигтээ өмхийрч, идээлсэн, цус нь бүлэгнээд элэг шиг болчихсон байна. “Үүнд итгэхгүй байгаа бол өөрийгөө нядлаад харуулахад бэлэн байна. Миний дотор яг ийм байгаа” гээд малчид өчиж байна. Монгол Улс Улаанбадрах, Зүүнбаян сумын иргэдээ золиосолж байна” хэмээн ярьж байсан бол

“Эвийн хүч эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Б.Хөхөө “Малчид хүүхэд төрүүлэхээс айдаг болсон. Мал нь хоёр толгойтой, долоон хөлтэй эрэмдэг зэрэмдэг төрж байна. Тийм малаа төрийн байгууллагуудад өгөхөөр шинжилгээнийх нь хариу гардаггүй. Шүүх хуралд аваад очихоор “Чихмэл аваад ирсэн юм уу, олон нийтийн сүлжээнээс олсон зураг юм уу” гэж доромжилсон. Аргаа бараад тусламж хүсэж, төрийн бус байгууллагуудыг нутагтаа урьж, бодит байдалтай танилцууллаа. Уранаас болж хүнд металл, химийн хортой бодис, цацрагт хордсон мал зөвхөн Дорноговьчуудын асуудал биш. Ийм малын мах, сүү Улаанбаатар хот руу орж байгаа. Энэ бол нийт монголчуудын зовлон болсон” хэмээн мэдэгдэж байсныг эргэн сануулж байна.

 

Нэг хүний зурагнаас илүү нийтийн эрүүл мэнд чухал

 

 

Халдвар авсан хүн нь Францын хөрөнгө оруулалттай “Арева” компанид ажилладаг 57 настай Б.К.  Тэрбээр төсөл хариуцсан инженер гэх. 

 

Тухайн иргэнээс шинэ төрлийн коронавирусний тохиолдол илэрсэн гэх мэдээлэлтэй зэрэгцээд тус улсын Элчин сайдын яамнаас хүсэлт ирүүлжээ. Тодруулбал  Манай улсад суугаа Францын ЭСЯ коронавирусийн халдвар тээгч иргэнийхээ нэр, зургийг нууцлахыг УОК-аас албан ёсоор хүссэн байна. Дэлхийн зарим улсуудад энэ өвчний халдвар тээгчдийг үзэн ядаж аюулгүй байдалд нь халдаж байгаа учраас ийнхүү хүсэлт гаргажээ.

 

Гэхдээ  Франц улсын иргэн Баянгол зочид буудалд байрлаж, тав хонохдоо хэд хэдэн сүлжээ ресторан, олон хүн цугласан оффис болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон байдаг. Өөрөөр хэлбэл тухайн иргэнтэй нэг нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон, нэг ресторанд хооллосон бүх хүн сэжигтэй, муугаар хэлбэл халдвар тээгч болсон байх магадлалтай. Тиймээс тухайн иргэний зураг, мэдээллийг нийтэд ил болгож,  хэрэв иргэн байвал сайн дураараа шинжилгээ хийлгэхийг олон нийт шаардаж байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна