​ Б.ТҮВШИНТӨГС: Монгол Улсын эдийн засгийн 30 хувь нь уул уурхай салбараас хамаарч байна

Б.Ариунзаяа
2022/10/25

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/ Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамтай хамтран “Монголын эдийн засгийн ашигт малтмалаас хараат байдал, тулгамдаж байгаа асуудал, зөвлөмж” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулж байна. Хурлын үеэр МУИС-ийн Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Б.Түвшинтөгс “Монголын макро эдийн засгийн тойм” сэдвээр илтгэл тавьсан юм. 


-Манай улсын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбар голлох нөлөө үзүүлж байна. Нэг үгээр манай эдийн засаг уул уурхайн салбараасаа хараат болчихсон энэ үед ямар тулгамдаж байгаа асуудлыг судлаачийн хувьд юу гэж харж байна вэ?


- Манай улсын эдийн засгийн 20 хувь нь уул уурхайн салбараасаа шууд хамаарч байгаа бол 10 хувь нь шууд бусаар хамаарч байна. Өөрөөр хэлбэл манай улсын эдийн засгийн 3/1 уул уурхайн салбараас хамаарч байна. Дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнэ байнга хэлбэлздэг. Тэр утгаараа уул уурхайгаас өндөр хамааралтай эдийн засаг нь хэлбэлзэл өндөртэй байх нь зүй ёсных. Ийм үед эдийн засгийн төлөвлөлт хамгийн хүндрэл учруулдаг. Гэхдээ бодлого боловсруулагчид энэ хүндрэлийг аль болох багасгах арга хэмжээ байнга авах ёстой. Уг нь манайд энэ хүндрэлээс гарах Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Ирээдүй өв сангийн тухай хууль гэх мэт хуулиуд байдаг ч эрх баригчид эдгээр хуулиудын зорилгыг зөвхөн өнөө маргаашаар харж, хэрэгжүүлснээс үүдэж, манай улс эдийн засгийн хэлбэлзлийн үеэ даван туулж чадахгүй байсаар л байна.

 
Түүнчлэн Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй Мөнгөний бодлого эдийн засгийн мөчлөгийг тэр болгон сөрж чадахгүй байна. Манайхан тэлэх бодлого барьсныхаа дараа эдийн засаг агших үед мөнгөний бодлогоо хэтэрхий хатууруулчихдаг. Энэ нь идэвхжилийг нь улам сааруулж, улам л тогтворгүй байдлыг бий болгож, үүнийгээ дагаад бодлогууд нь ч “савлаж” байна. Тиймээс хурлаас манай улсыг энэ мөчлөгүүдийг аль болох сөрж, тууштай, тэвчээртэй байх хэрэгтэй гэх бодлогын зөвлөмжийг гарч байна.

-Ирэх оны төсвийн төсөл яг одоо УИХ дээр хэлэлцэгдэж байна. Төсөл дээр уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ болоод үнэ ханш дээр нэлээд өөдрөг төсөөлөлтэй байна, хамаарал өндөр байна гэх шүүмжлэлийг судлаачдаас өгч байна. Уул уурхайгаас хамааралтай байдлаа төсөв дээр хэрхэн тусгах ёстой вэ?

 
-Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар уг нь яг энэ асуудлыг зохицуулах гэж оролдсон. Харамсалтай нь эрх баригчид энэ хуулиа жил болгон өөрчилдөг учраас хязгаар нь үгүй болчихоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрөө өөртөө тавих хязгаар нь алдагдаад байгаа учир энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. Та бүхэн зөвхөн ирэх оны төсвийг хараад байна. Гэтэл энэ бол дунд, урт хугацааны асуудал. Бид өөрсдийгөө сахилга батжуулах ёстой. Өнөөдрийн хүндрэл яваад л өнгөрнө. Харин урт хугацаандаа бодлого тогтвортой байж гэмээнэ энэ хамаарлыг даван  туулна. Бодлого боловсруулагчид өнөөдөр яах уу, маргааш юу болох уу гэж харж болохгүй. Аль болох урт хугацаанд тогтвортой байдлыг хангах ёстой. 2023 оныхоор бол Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиа барьж байгаа хэдий боловч энэ бол сулруулчихсан хязгаар шүү дээ.

Ирэх оны төсөв дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнээ ковидын өмнөх жилүүдийнхтэй ижил үнээр буюу хэтэрхий өөдрөгөөр төсөөлсөн байсан. Хэдийгээр Засгийн газраас боломжтой гэж үзэж байгаа ч бид төсөвт төлөвлөлт хийхдээ өөдрөг үзлээс аль болох татгалзах хэрэгтэй. Ядаж л өмнөх онтойгоо уялдаатай, бага өсөлт дээр суурилж байж гэмээнэ төсөв тэр хэрээр сахилга баттай байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль анх 2013 онд батлагдсан. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 9 жилийн турш энэ хууль үндсэндээ хэрэгжээгүй. Анхны санааг нь тухайн нөхцөл байдалдаа тулгуурлаж жил бүр өөрчилдөг. Энэ нь төсвийн сахилга батгүй явж ирсний нотолгоо. Төсвөө сайн удирдаж чадахгүй байна гэдгийг харуулж байгаа хэрэг.


- Сангийн яам, Засгийн газраас оруулж ирж байгаа төслүүдийг УИХ-ын гишүүд нь дэмжээд баталчихдаг. Тэгвэл төсвийн сахилга батыг сайжруулахад ойрын хугацаанд хийж болох алхам юу байж болох вэ. Сахилга баттай байхын тулд хэн шаардлага тавих ёстой?

 - УИХ бол ардчиллынхаа зарчмын дагуу бодлого тодорхойлдог байгууллага. Эцсийн дүндээ энэ бол УИХ-ын хариуцах ажил. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн алдагдал эцсийн дүндээ бодлого боловсруулагч дээр ирээд л зогсдог. Тэр нь бидний сонгосон хүмүүс. Тэдгээр хүмүүс ядаж үзэл санаа, үнэт зүйлдээ үнэнч байх хэрэгтэй байна.

 
- Уул уурхайн салбараас орж ирж байгаа үр нөлөө нь өндөр боловч ашиглалт сул байна гэдэг шүүмжлэл байдаг. Уул уурхайн салбараас орж ирж байгаа ашгийг хүртээмжтэй болгоход ямар алхам хийх хэрэгтэй вэ?

 - Шүүмжлэлтэй санал нийлэхгүй байна. Манай улс уул уурхайн салбараас олж байгаа орлогоо халамж болон бусад хэлбэрээр тараачихдаг. Харамсалтай нь иргэд яагаад сэтгэл дундуур байдаг вэ гэхээр, эдгээр орлого нь инфляцдаа идэгдчихдэгт байгаа юм. Үнийн өсөлт мөнгийг нь юм болдоггүй учир бодитой дэмжлэг болж чаддаггүй. Уг нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд анх уул уурхайн салбараас олсон орлогоо нэг газар хадгалж байхаар заасан. Уул уурхайн салбараас олсон орлого нь ирээдүйд хадгалагдах тогтолцоо руу шилжих байсан. Гэвч энэ бодлого алдагдсан учраас халамж, тэтгэлэг болж явсаар өнөөдөр тэрхүү мөнгө нь бодит дэмжлэг болж чаддаггүй, доголдолтой тогтолцоо руу орчихсон. Үүнийг л засахаас бүх алхам эхэлнэ.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 129.205.124.222
    2022/10/26

    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    Хариулах
  • 172.58.16.20
    2022/10/25

    Гүндалайд хорлогдчихсон юм аа. Тэр эргүү нь хүүхдийн мөнгө санаачилж хорлосныгоо гавьяа гээд бодчихсон

    Хариулах