Л.ГАНТӨМӨР: Ардчилсан нам ковидод нэрвэгдсэн, тиймээс өнөөдөр би масктай сууж байна

Б.Ариунзаяа
2023/04/20

АН-ын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр намын шинэ дарга Л.Гантөмөрт тамга, тэмдгээ гардуулан өгч, хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Ингэснээр гурван жил гаруй үргэлжилсэн АН-ын талцал хуваагдал албан ёсоор эцэс болж, Ардчилсан нам бүтэн болж байна.  

Санамж бичиг байгуулах үеэр Л.Гантөмөр масктай байгааг С.Эрдэнэ ханиадтай байгаа юм гэж тайлбарласан ч АН-ын дарга Л.Гантөмөр өөр зүйл ярив.

Тэрбээр "Монгол Улсад өнөөдөр эв нэгдэл, эв эе хамгийн их хэрэгтэй байгаа. Үл ойлголцлыг бий болгосон хамгийн хүчтэй оролцогч нь ковид байсан. Тиймээс би өнөөдөр масктай сууж байна. Монголын ардчилал, АН үндсэндээ ковидод нэрвэгдсэн. АН-ынхан дуртайдаа хэрэлдэж, зодолтоогүй. Хүмүүс хоорондоо уулзаж, харилцах аргагүй болсон. Хурлууд онлайн болсон. Ойлголцол үгүй бол улс төр, нийгмийн амьдрал яаж гацдагийг 2020 оноос хойш яруу тодоор харж байна.

Тиймээс зөвхөн АН төдийгүй, монголчууд эв, эеийг хичээх зайлшгүй шаардлагатай. Эв, эеийг хичээнэ гэдэг нь ойлголцохыг хэлнэ. Ойлголцох гэдэг нь нэг нэг алхам ухарч чаддаг тэр чадвар боломжийг хэлдэг. Удаан хугацаанд тэвчээр гаргаж, хэрүүл уруулгүй байж бид урагш алхаж чадсан гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна