Өмнөговь аймгийн Ханбогд суманд АМГТГ-ын Говийн бүсийн төлөөлөгчийн газар, Өмнөговь аймаг,Ханбогд сумын ЗДТГ болон "Монголын уул уурхайн үндэсний ассоциаци", Монголын дата клуб, Олон улсын санхүүгийн корпораци, "Хил хязгааргүй алхам" ТББ-ууд хамтран "Ил тод хариуцлагатай уул уурхай-Өмнөговь аймгаас” сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Т.НЭХИЙТ: Тавантолгойн уул уурхайн дам нөлөөлөл Ханбогд суманд их байна
Хэлэлцүүлгийг Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нээж хэлсэн үгэндээ “Манай сумын уул уурхайг зөвхөн Оюутолгойгоор л төсөөлдөг. Мэдээж Оюутолгой бол Монголын улсын хэмжээнд төдийгүй олон улсын хэмжээнд жишиг болсон уурхай. Гэвч манай суманд Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн байгуулсан уурхайнуудын дам нөлөө их байдаг. Тухайлбал тээврийн асуудал хамгийн их нөлөөлдөг. Мөн манай суманд Газрын тосны Галба 11 талбайд гадаадын хөрөнгө оруулалттай компани олборлолтоо хийхээр зэхэж байна. Уул уурхайд хяналт, хариуцлага чухал. Газрын тос олборлож байгаа компани орон нутагтай хамтарч ажиллах дээр учир дутагдалтай байгаа. Иймээс бид эдгээр асуудлууд дээр анхаарах цаг болсон” гэв.
Б.ДЭЛГЭРМАА: Өмнөговь аймгийн иргэд уул уурхайн нөлөөллийн талаар мэдлэг, мэдээлэлгүй байна
Үүний дараа Олон улсын санхүүгийн корпорацийн Хөгжлийн төлөө ил тод байдал хөтөлбөрийн зохицуулагч Б.Дэлгэрмаа “ Хариуцлагатай уул уурхайн хамгийн эхний шаардлага бол ил тод, нээлттэй байх. Улсын хэмжээнд төдийгүй Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд хэдэн зуун төрлийн мэдээллийг нээлттэй мэдээлдэг гэдэг ч судалгаагаар Өмнөговь аймгийн иргэдийн уул уурхайн нөлөөллийн талаарх мэдлэг, мэдээлэл төдийлөн сайн биш байна. Өөрөөр хэлбэл компаниуд асар их мэдээллээ ил болгоод байгаа хэдий ч иргэд энэ талаар мэдээлэлгүй байна. Энэ нь компаниудын гаргаж байгаа мэдээлэл иргэдийн мэдээлэл авах хэрэгцээг хангахгүй байна гэсэн үг. Тиймээс цаашид компаниуд мэдээллээ иргэдэдээ ойлгомжтойгоор хүргэх асуудал чухал байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна