​ Г.ЗАНДАНШАТАР: Эмийн түр хороо богино хугацаанд үр дүнтэй ажилласан

Админ
2024/05/02

Улсын Их Хурлын чуулганы 2024.05.02-ны өдрийн нэгдсэн хуралдаанд Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хороо тайлангаа хэлэлцүүллээ. Тайланг Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн танилцуулж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс эмийн үнийн өсөлт өрхийн төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрсэн тул яаралтай арга хэмжээ авах, мөн эмийн сан болон эм ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбогдуулан цаашид төрийн зүгээс эмийн зах зээлийг зохицуулах цаг болсныг онцоллоо.

Үргэлжлүүлэн Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хорооны саналаар Эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлах санал хураалт явуулж, тогтоол батлагдлаа.

Түүнчлэн, Түр хороо тайлан, санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулснаар уг хороог татан буугдсанд тооцно гэж заасны дагуу Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог татан буугдсанд тооцсон Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталсан.


 Тогтоол батлагдсаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Жигжидсүрэнгийн Чинбүрэн гишүүний ахалсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий хянан шалгах түр хороо богино хугацаанд үр дүнтэй ажиллаж, тодорхой санал дүгнэлтүүдийг танилцууллаа. Одоо эмийн үнийн өсөлтийн шалтгаан,  нөхцөлийг арилгах шийдлийг гаргах ёстой. Шийдэл, хариуцлага хоёр орхигдож байгааг ард түмэн шүүмжилж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийг яаралтай хэлэлцэж, батлая. Ард иргэд малын ч эм, хүний ч эм чанарын баталгаагүй байна. Лабораториор баталгаажуулдаг байдлыг тодорхой болгохыг шаардаж байгаа. Эмийн үнийн зохиомол өсөлт байгааг Түр хороо дүгнэсэн. Түр хорооны ажлын үр дүн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд тусгалаа олох ёстой гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна