ОЙМСОНД ХАВЧУУЛАГСАД

Админ
2019/07/30

Оймс, улстөр хоёр хоорондоо харилцан хамааралтай болох нь үе үе батлагдах юм. 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө монголын цагдаа, АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулж Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг гэрээс нь баривчлахдаа оймстой хөлийг нь гозолзуулан, газар хүргэлгүй авч явсаны дараа Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн О.Баасанхүүг “Оймсонд хавчуулагдаж үсрээд ороод ирчихсэн этгээд” хэмээн тунхагласнаар монголын улстөрчид оймсоор “тоглох” болсон билээ.  

 


2016 оны дөрөвдүгээр сарын 1-нд Монголын эдийн засгийн форумыг хааж үг хэлж байсан УИХ-ын дарга З.Энхболд руу Дархан-Уул аймгийн АН-ын дарга асан Л.Наранбаатар “Монголын ард түмнийг ядууруулж өрөнд оруулсан биз дээ. Эдийн засгийн алуурчин Энхболд огцор” хэмээн хашгиран өмсч байсан оймсоо шидсэн бол 2017 онд МАХН-ын Бага чуулганы гишүүн Б.Жагар НИТХ-ын нэгдсэн хуралдааны үеэр Ц.Сандуй руу оймс шидсэн нь бас дуулиан болж байв.

 

 

Гэвч монголын улстөрчид дутуу үнэлжээ. Өнөөдөр тэд оймсондоо хавчуулагдаж, үнэрт нь угаартаж, түрүүнд багтаж явна. АТГ-т баригдсан арван мянган ам.доллартой оймсоо яаж цагаатгах вэ хэмээн улстөрчид нь арга сийлж, арван тэрбум төгрөгөөр хэмжигдэх авлигын сүлжээг хэрхэн хэрэгсэхгүй болгох вэ гэдэг дээр хуулийнхан нь толгойгоо ашиглаж, хэнэг ч үгүй заалт ярьж суугаа нь үүний баталгаа бус уу.


   
Хуулийн цоорхойгоор “цагаатгагчид”

 


Оймсны хэрэг хуулийн цоорхойгоор “цагаатгагчид” ээлжээ хүлээж байгааг дахин сануулав. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар нь 21 ААН, иргэнээс 126 удаагийн үйлдлээр 702 сая  төгрөг авсныг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон ч, албан өрөөнд нь нэгжлэг хийхэд бие болоод гэрээс нь 230 сая, 152.177 ам.доллар, 70.000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хурааж, улсын орлого болгосон ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэдэнд нийтийн албанд томилогдох эрхийг нь 5 жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгоод л өнгөрсөн нь хуулийн цоорхойг хэрхэн овжин ашиглаж, цагаадаж болохыг яруу тодоор харуулчихсан.

 


Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтаа өөрчлөхгүй бол  “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, түүнийг дагаад “МТ” Р.Ганзориг, “Алтжин”-гийн Г.Алтан нартай холбоотой албан болоод албан бус “хэрэг”-үүд цайрахаар ээлжээ хүлээж байна.

 


Г.Алтангийн хүү Эдуард Сүрэнд Төрийн банк 51.5 тэрбум төгрөг гаргаж өгөх үүд хаалга ч нээгдэж, 60 тэрбум, Оюутолгойн гэрээ, ЖДҮ, Хөгжлийн банк, оффшор,  АСЕМ гээд олон дуулиантай том хэргүүд хаагдахаар дарааллаж байна.

 

 

АТГ-ын бичлэгийн цаана...

 


  “АТГ-т хэд хэдэн сонирхолтой бичлэг байдаг юм. ЖДҮ-чин УИХ гишүүний тухай, мөн авлигал авсан шүүгчдийн тухай. Аль бичлэгийг үзүүлэхийг улс төрийн нөхцөл байдал тодорхой болгох байх” хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү жиргэжээ. Үнэндээ АТГ-ын байгуулагдсан цагаас эхлэн улс төрөөс ангид байлгахыг шаардсаар ирсэн.

 

Харамсалтай нь даргаас эхлээд ямар нэг эзэнд харъяалагдчихдаг тэдний үйлдэл цаанаа бодлоготой байдаг нь нууц биш. Оймсны хэргийг яагаад сөхсөн талаар АТГ-ынхан “хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас” хэмээн эвтэйхэн тайлбарлаж байгаа ч асуудлын учиг Ерөнхийлөгч рүү чиглэсээр. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн улстөрийн тоглолтын дэглэлтийг АТГ-ынхан тавиад эхэлчихэв үү гэх хардлага цахимд өрнөж эхэллээ.

 

Учир нь Ерөнхийлөгч Х.Баттулга шударга бус шүүгчидтэй дайн зарласан эхний 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихсэн. Ирэх долоо хоногоос дараагийн ээлжний шүүгчдийн эрхийг хасахаар бэлдэж байгаа гэх. Нөгөөтэйгүүр АТГ-ынхан долоо хоног бүр ноцтой бичлэгүүдийг дэлгэхээ мэдэгдчихсэн. Тэгэхээр дараагийн дуулиант бичлэг шүүгчид рүү чиглэж, Ерөнхийлөгч санаснаа гүйцээх боломж бүрдэх юм.   

 

Б.Ариун

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна