Ард нийтийн санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуулийн хэмжээний хөрөнгө зарлагдана

Админ
2019/09/07

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэлэг өчигдөр дууссантай холбогдуулан  УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулахаар болсныг тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ.  Ингэхдээ Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн төсөл, саналыг УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, нэгтгэжээ. Тодруулбал, Төслийн ажлын баг, Ерөнхийлөгчийн төсөл, санал, Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийт 60 асуудлаар 150 орчим зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг санал хурааж шийдвэрлэсэн байна. 

 

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Хоёр дахь хэлэлцүүлэгт гишүүдийн ирц сайн байсан. Ажлын баг, Төрийн байгуулалтын байнгын хорооны 60 багц саналаас 34 зүйлийг нь дэмжсэн байна. Өнөөдрийн МАН-ын бүлгийн хуралдаанаар, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх, эсвэл Ард нийтийн санал асуулга явуулах асуудлыг хэлэлцлээ. Ингээд бүлгийн гишүүдийн олонхын саналаар Ард нийтийн санал асуулга явуулахаар шийдвэрлэсэн. 1945 оноос хойш анх удаа иргэдийн саналыг авах гэж байгаа нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх боломжийг ард түмэнд олгож байна. Тиймээс ирэх долоо хоногт Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг хэлэлцэнэ" гэсэн бол  УИХ дахь ТББХ-ны дарга С.Бямбацогт, "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр хэд хэдэн гол асуудлыг шийдвэрлэсэн.

 

Тухайлбал, Монгол Улсын тусгаар тогтнолыг хөндсөн асуудлаар санал асуулга авахыг хориглосон. Энэ нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгааг хангах ач холбогдолтой заалт юм. Мөн байгалийн баялгийг төрийн нийтийн зориулалттай өмчийн асуудал болгон өөрчилж, ашиглахдаа ард иргэдээс асуух зохицуулалтыг олонх дэмжсэн байна. Түүнчлэн Дархан, Эрдэнэт болон 21 аймгийн төвийг хот болгох асуудлыг шийдэх боломжийг Үндсэн хуульд тусгахаар дэмжсэн.  Засгийн газрын дөрвөөс илүүгүй сайд давхар дээлтэй байх, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, хариуцлага тооцох саналыг мөн дэмжээд байна. Мөн УИХ-ын 39-өөс дээш гишүүний саналаар хууль баталдаг байхаар өөрчлөлтийг тусгасан" гэлээ.

 

Мэдээллийн төгсгөлд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

 

-Ард нийтийн санал асуулгыг ямар хугацаанд явуулах вэ. Хэр хэмжээний зардал гарах вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дэмжих, эс дэмжих гэсэн ганц асуудлаар иргэдээс санал авна. Хугацааг хэлэлцэж тогтоогүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулахтай ижил хэмжээний зардал гарна. 

 

-Хэрвээ ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй гэвэл ашиггүй зардал гарах эрсдэлтэй?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг батлах эрх нь одоогийн УИХ-д байна. Ард нийтээс энэ Үндсэн хуулийг хууль батлах, хэлэлцэх эрх нь өнөөгийн парламентад байна. Үндсэн хуулийг 57 гишүүний сналаар батална гэдэг ч асар том хариуцлага юм. Үүн дээр нэмээд ард иргэдийн байр суурийг нэг сонсох хэрэгтэй. Энэ өөрчлөлтийг өнөөдөр л хийхгүй бол хуулиараа найман жил гар хүрч болохгүй юм. Ойрын хугацаанд нэг нам олонхоороо танхим бүрдүүдэх боломж гарахгүй байж мэднэ. УИХ-ын гишүүнийг 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг ажлын багаас 99 болгож шийдвэрлэсэн. Гэвч 57 гишүүний босго давалгүй унасан. Энэ өөрчлөлтийг ард түмэн дэмжихгүй бол дахиад 8 жил алдахаас гадна дараагийн 10, 20 жилд 57-гоос дээш суудалтай нам УИХ-д сонгогдох нь эргэлзээтэй юм. 

 

-Хоёрдугаар хэлэлцүүлгээр унасан саналыг гурав дахь хэлэлцүүлгээр дахиж хэлэлцэхгүй гэж ойлгох уу?

-Хоёр дахь хэлэлцүүлэгт унасан асуудлыг гурав дахь хэлэлцүүлэгт хэлэлцэхгүй. Гурав дахь хэлэлцүүлэг бол хамгийн хариуцлагатай шат юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна