Монголчууд шатахуунд оочерлон, үйлээ үзэж, хараалаа урсгаж байгаа эдгээр өдрүүдэд эдийн засагчид хөндлөнгийн экспертүүд өнөөх үнэ чөлөөлөх гаргалгаануудыг хэлж сууна. Олон ч жил үүнийг ярилаа. Гэвч үе үеийн Засгийн газар, салбар яамнаас улстөрийн зориг дутаж ирсэн. Монгол улсын  шатахууны хэрэглээ өнөөдөр ОХУ-аас 94 хувийн хамааралтай. Гэвч ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины цохилтын улмаас доголдож, улмаар Кремль шатахуун экспортлохыг хориглосноор Монгол бараг бензин, дизельгүй болох нөхцөл үүсээд байгаа юм.  Орос дотооддоо одоохондоо арай л гэж тэсэж байгаа ч аль хэдийн 89 бүс нутгийн 63-д нь шатахууны тасалдал бүртгэгдчихээд байна. Гол асуудал нь манай улсын газрын тос боловсруулах үйлдвэр мянгуужингийн үлгэр болж Орос, Хятадаас шатахууны хараат амьдарсаар л байна. Гэтэл хойд хөрш өөрсдөө арайх гэж тэсэж байгаа энэ үед  бид яах вэ? гэдэг улстөр болоод эдийн засгийн томоохон шийдвэрт шахагдаж байна.

Учир нь яг одооогоор ОХУ-ын дотоод нөхцөл байдлаас болоод “Роснефть” манай импортлогчидтой бага тонн-ын гэрээтэй аж. Тэр тонн нь Монголын хэрэгцээг хангаж хүрдэггүй учраас өөр бусад компаниудаас цуглуулахад хүрдэг. Харамсалтай нь “Роснефт-иэс бусад компани АИ-92-ыг үнэтэй буюу зах зээлийн үнээрээ өгөхийг хүсдэг юм байна. Гэтэл Монголд АИ-92-ыг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр үнэ тогтоочихсон учраас бусад компанийн санал болгосон үнээр авч чаддаггүй. Угтаа АИ-92-ын үнийг чөлөөлчихвөл дотоодоо хангах хэмжээгээр авчрах боломжтой болох юм. 

Энэ байдлыг Л.Оюун-Эрдэнийн ЗГ хангалттай мэдэж байсан ч юу ч хийгээгүй буюу үнэ чөлөөлж өгөөгүй. Оросын байтугай Хятадын зах зээлд ч АИ-92 нь үнэтэй байгаа. Энэ байдлаа Г.Дамдинням мэдсээр байж шоудаад Ерөнхий сайддаа танилцуулдаггүй. Түүний өнөө орой хэвийн болно гэсэн тайлбар үнэнд гүйцэгдээд ирлээ. Уг нь үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс АИ-92-ын үнийг чөлөөлөөд өгөхөд л аль ч засгийн газрын үед шатахуун тасалдах шалтаг шалтгаан огт үгүй. Үндсэндээ асуудлын цаад шалтгааныг шийдэхгүй түр зуурын гал унтраах арга цаашид явахааргүй байгаа нь өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлаас харагдаж байна.