АН: Талийгаачийн үхэл гадны нөлөөтэй байж болзошгүй

Админ
2019/05/19

Төр нийгмийн зүтгэлтэн, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү /2019.05.18/ цаг бусаар амь насаа алдсантай холбоотойгоор Ардчилсан намаас албан ёсоор Мэдэгдэл гаргажээ.

 

Уг мэдэгдэлд “Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо. Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

 

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна.

 

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм. Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна