Шинийн нэгний гэгээн өглөө

Сэтгүүлч
2026/02/18

Хөх тэнгэрийн хаяа ягааран туяарч, хүйтний хахир өвөл зөөлөрч, урин хаврын үнэр сэнгэнэх тэр л мөчид монгол түмэн Цагаан сараа угтдаг. Шинэ жил, шинэ сар, шинэ өдөр гурвантаа давхацсан өлзийт агшин, хүн бүрийн нас нэмэж, хийморь сэргэх билэгт цаг билээ.

Айлуудын гэр цагаан бүрээсээ гялалзуулан, тооноор нарны анхны цацрыг тосож, голомтын гал улаан дөлөөрөө бадран асна. Алд цагаан хадаг салхинд намируулж, аяга дүүрэн айраг, сүүний ариун цагаанаар ерөөл өргөх нь сэтгэлийн гэгээг бэлгэдэнэ. Таван тансаг идээ жигдэрч, ууц шүүсээ зассан ширээний өмнө өтгөс буурлаа хүндлэн залж, үр хүүхдээ баясган баярлуулах нь энэ баярын хамгийн нандин агшин.

Хөх тэнгэрийн дор мандан бадрах Цагаан сар 

Үүрийн хяруу сувдан шигтгээ мэт гялтганаж, алсхан уулсын орой улаан туяанд умбах үед айл бүр эртлэн босно. Ээжийн өрдөх галын дөл цэнхэр утаа савсуулж, уураг болсон сүүтэй цайны үнэр гэр дүүргэнэ. Ууц шүүсний дээж тосоор галын бурхнаа мялааж, арц хүжийн анхилуун утаа ариусал түгээхэд гэр орон бүхэлдээ нэг л тайван, гэгээн орон зай болон хувирна.

Аагтай шаргал цайныхаа дээжийг байгаль эхдээ сацал болгон өргөж, тэнгэр газар, уул усандаа хүндэтгэл үзүүлнэ. Үүр манхайтал гэгээ татахад хүн бүр өөр өөрийн зүг мөрөө гарган, зүгийн идээгээ сацан ёсолно. Ургахын улаан нартай уралдан ахмад настныхаа өмнө очиж, хоёр гарын алгыг дээш харуулан золгож, “Амар байна уу?” хэмээн мэндлэх тэр агшин бол үе үеийг холбосон ариун хэлхээс юм.

“Өглөөний цай дүүрэн уувал өдрийн жаргал” хэмээдэг. Дүүрэн барьсан цайгаа дуустал уухад сэтгэл ч мөн адил дүүрэн болдог. Энэ өдөр гэдэс цатгалан, мөр бүтэн, өнгөтэй өөдтэй явбал тэр жилдээ хийморьтой байна хэмээн бэлгэддэг нь амьдралын ухаан шингэсэн үг билээ.

Хүндэтгэлийн хоногууд

Шинийн гурван хүртэлх хоног бол хүндэтгэлийн өдрүүд. Нүүдэлчин монголчууд өвөлжин алс зайдуу нутаглаж, хаврын урь орсон энэ цагт ахан дүүсээрээ уулзан золгож амжина. Хэрэв завдал үл хүрвэл шинийн наймны билигт сайн өдөр очиж шинэлэхийг мөн адил өлзийтөд тооцно. Учир нь тэр өдөр шинийн нэгний адил бэлгэдэлтэй хэмээн үздэг уламжлалтай.

Шинэ хуучрах цаг ирэхэд айлууд их идээгээ буулган, даруухан бага идээ засч, сар дуустал баярын уур амьсгалаа хадгална. Гэвч идээ шүүс багассан ч сэтгэлийн цагаан ариун, ерөөл бэлгэ нь хэвээр. 

Сүүн сэтгэлийн баяр

Цагаан сар бол зөвхөн ёс заншлын баяр бус — ураг төрлийн холбоог бататгаж, ахмадынхаа сургаалийг сонсож, үр хүүхдэдээ өв соёлоо өвлүүлдэг оюуны баяр юм. Цагаан өнгө нь ариун санаа, өгөөмөр сэтгэлийг илэрхийлж, сүү цай нь элбэг хангалууныг бэлгэднэ.

Ургахын улаан нартай уралдан золгож, удам судраа дээдлэн хүндэтгэх энэ баяр монгол түмний төрт ёсны гүн үндэс, түүх соёлын гэрэлт өв болон үеийн үед уламжлагдсаар байна. Цагаан сар бол — сэтгэл цагаан, санаа ариун, ирээдүй гэгээн байхыг ерөөсөн монгол түмний баяр юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна