САХАЛ Д.ЭРДЭНЭБИЛЭГИЙГ 30 ХОНОГИЙН ХУГАЦААТАЙ БАРИВЧЛАН СААТУУЛЛАА

Админ
2019/05/29

“Эрдэнэт Үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор иргэн Д.Эрдэнэбилэгийг өнөөдөр 30 хоногийн хугацаатай баривчилсан талаар эх сурвалжууд мэдээллээ. Түүнийг баривчлах саналыг өнгөрсөн удаад шүүгчээс хамааран хоёр ч удаа хойшлуулаад байсан ч өнөөдөр Нийслэлийн Прокурорын саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар шүүн хэлэлцэн ийнхүү баталгаажуулсан бололтой. 

 

“Д.Эрдэнэбилэг, “Монголын зэс корпораци”-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, Б.Мөнхбаатар, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон тэргүүтэй хүмүүсийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр НПГ-аас яллагдагчаар тооцсон юм. Улмаар тэднийг цагдан хориулахаар тус газраас саналаа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан ч Д.Эрдэнэбилэгийн өмгөөлөгч нар “Тус шүүхийн шүүгч нараас татгалзаж байна” хэмээснээр прокурорын саналыг шийдвэрлэж чадалгүй өчигдрийг хүргэсэн. 

 

Харин өчигдөр үдэш тус шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатар НПГ-аас ирүүлсэн, Д.Эрдэнэбилэгийг яллагдагчаар тооцон цагдан хорих саналыг нь хэлэлцээд прокурорын санал үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаагаар цагдан хорих захирамж баталжээ.

 

Өнөөдөр бусад холбогдогчдыг нь цагдан хорих, эсэхийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр болсныг эх сурвалжууд мэдээлж байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна