“ШИЛ” АЖИЛЛАГАА: Ашигт малтмалын орд ашиглах 2598 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээлэл ил боллоо

Б.Ариунзаяа
2023/04/17

ЦХХХ-ны сайд Н.Учрал ээлжит “Шилэн индекс”-ийн мэдээллээ танилцууллаа. Авлигатай тэмцэх “Шил” ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил тод болгожээ. Нийт 6,178,816 га газар ашигт малтмалын лицензийн зөвшөөрөл олгосон байна. Үүнээс 4,334,991 га нь 885 хайгуул, 1,843,825 га нь 1,713 ашиглалтын чиглэлээр лицензийн олголт хийгдсэн байна. Нийт 2598 лицензээс, 41 лиценз идэвхгүй, 2557 лиценз нь идэвхтэй байна.


Mөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 58 байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн 504 гишүүний цалингийн мэдээллийг нэмж ил тод байршуулаад байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн нийт 10325 зээлдэгчээс 6,883 аж ахуйн нэгж, төрийн байгууллага, төрийн бус байгууллага болон иргэний 82.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн талаарх мэдээллийг нээлттэй байршуулаад байна. Өнгөрсөн 7 хоногт 6092 зээлдэгчийн 52.4 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийн мэдээлэл нээлттэй болоод байсан бол энэ тоо 791 зээлдэгчийн 29.7 тэрбумын зээлийн үлдэгдлийн мэдээлэл нэмэгджээ.

Мөн тусгай зөвшөөрөл олгогч 18 байгууллагаас олгосон 14,277 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болоод байна. Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яам, агентлаг, нийслэл, аймгийн Засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хуудаст дээрх мэдээллүүд нийтлэгдсэн эсэхийг шалгаж ажилласан. Тус үнэлгээ “Шилэн индекс”-ийг shilen.gov.mn системд байршуулаад байна.

Shilen.gov.mn сайтад хуулийн дагуу нээлттэй ил тод байршууулж буй мэдээллүүдийг мэдээлэл хариуцагч байгууллагууд төхөөрөмжид уншигдах хэлбэрээр боловсруулан илгээх үүрэгтэй бөгөөд шаардсан хугацаанд бүрэн гүйцэт ирүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох төрийн байгууллагуудад сануулах, шаардах ажлыг ЦХХХЯ зохион байгуулж байна.

Авлигын эсрэг “Шил” ажиллагаагаар Shilen.gov.mn сайт ашиглалтад оруулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газраас иргэн нь төрөө шууд хянадаг байх нь авлигын орчин нөхцлийг эрс бууруулна гэж үзэж 5 Ш хөтөлбөр, Шил ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна