Х.НЯМБААТАР: С.Зоригийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Б.Ариунзаяа
2023/04/19

С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. 

Х.НЯМБААТАР:

- Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн дэд сайд  С.Зориг агсныг улстөрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж, гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдож, сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Улсын дээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болж, дахин нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ Ц.Амгаланбаатар нарт холбогдох яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг өнөөдөр НПГ хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

- 2015 оны 9 дүгээр сарын нэгний өдөр сэжигтнээр тооцож, 11 дүгээр сарын 17-ны өдөр яллагдагчаар татах тухай тогтоол батлагдсан. Гурван шатны шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ Ц.Амгаланбаатар нарт тус бүр 20 жилийн ял оноосон.

-   Ялаа эдэлж байх үед энэ хэргийг мөрдөн шалгаж байсан албан тушаалтнууд дээрх иргэдийг эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүссэн. Улмаар эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдсон.  

- Шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн тул хэргийг дахин хянаж үзэх саналаа Улсын дээд шүүхэд саналаа хүргүүлсэн. Дээд шүүх өмнө нь гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянаж үзэх шийдвэр гаргасан.

- Мөрдөн байцаалтын ажиллагаа нэлээн удаан хугацаанд үргэлжилсэн. ТЕГ, ЦЕГ хамтарсан ажлын хэсэг шалгаж, 2021 оноос эхлэн ЦЕГ-т төвлөрүүлж явуулсан.

- 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр, 6 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 08, 2023 оны 1 дүгээр сарын 18 өдрүүдэд мөрдөгчөөс яллагдагчаар татагдсан тогтоолын хэрэгсэхгүй болгох саналаа НПГ-т явуулсан. Сүүлд 3 дугаар сарын 23-ны өдөр ЦЕГ-аас үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн. Улмаар өнөөдөр НПГ-аас 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллаглагчаар татагдсан прокурорын тогтоолыг хүчингүй болгож байна.

- Хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдөн, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрэлдэж байна. Мөн хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэх саналаа прокурор цагдаагийн байгууллагаас гаргахаар бэлдэж байна.

- С.Зоригийг хөнөөсөн хэргийг дахин шалгаж эхэлж байна. Энэ ажлыг хэсгийг Эрүүгийн цагдаагийн дарга Т.Сүхболд ахалж ажиллана. Энэ бол олон улсын хүний эрхийн байгууллагуудын цаашид судлах, дахиж ийм үйлдэл гаргахгүй байх маш том кейс. Хүмүүсийг хэлмэгдүүлж, хүчээр хэрэг хүлээлгэж, эрүүдэн шүүсэн хэргийг цаашид хууль сахиулах байгууллага шалгана. Цаашид хэн энэ хэргийг үйлдсэн бэ гэдгийг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.196
    2023/04/19

    хүчээр хэрэг хүлээлгэсэн хүмүүс захиалгачтай байх уу? эсвэл зүгээр нэр хүнд олж авах гэсэн үү?

    Хариулах