Өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 20 мянган иргэнээр илүү шилжилт хөдөлгөөн хийсэн нь царцааны нүүдлийг илэрхийлж байна

Админ
2024/05/02

#Шууд АН-ын “Шударга сонгууль” ажлын хэсгээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна


Ж.БАЯРМАА: 

- Энэ жилийн хувьд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 29-н хүртэл хугацаанд 70,100 орчим хүн шилжсэн байна. Харин 2023 онд 60,000, 2022 онд 50,000, 2021 онд 50,000 хүн шилжилт хөдөлгөөн хийсэн байна. Ингэхээр өмнөх сонгуулийн бус гурван жилд дунджаар 54,000 хүн шилжилт хөдөлгөөн хийжээ.

Энэ онд 70,100 орчим хүн шилжилт хөдөлгөөн хийснийг өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулахад 20,000 иргэнээр илүү шилжилт хөдөлгөөн хийсэн нь царцааны нүүдлийг илэрхийлж байна.

- АН ганцаараа зүтгээд хүчин мөхөстөж байгаа тул улс төрийн намууд төдийгүй төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй.

М.ТУЛГАТ: 

- НИТХ-аар ирэх намар болох сонгуулийн тойргийн хуваалтыг хийсэн. Гэвч тодорхой ашиг сонирхол үйлчилсэн хуваалт болчихлоо гэдгийг манай намынхан үзэж байна. НИТХ-д МАН үнэмлэхүй олонхоороо шийдчихлээ. 

- Тухайлбал Баянзүрх дүүрэг 450 мянган хүн амтай. Гэтэл манай дүүргийг 3 сонгуулийн тойрогт хуваасан байна. МАН сүүлийн  үед бүсчилсэн хөгжлийг форумуудыг хийсэн. Бүсчилсэн хөгжил дээр тулгуурлаж байгаа бол тойргийн хуваалтаа үүндээ тааруулах ёстой. Харамсалтай нь тэгсэнгүй. Жишээ нь Дарь-Эх, Сансар, 13 дугаар хорооллын нэг хэсэг цаашлаад Дүнжингарав гээд БЗД-ийн 23,26 дугаар хороог нэг тойрог болгож байна.  Энэ тойргийн хөгжлийн төв нь хаана байх нь тодорхойгүй. Яагаад ингэж хуваасан талаараа МАН-ынхан Сэлбэ, Улиастай, Туул голоо дагасан хуваалтыг хийсэн гэж тайлбарласан. Орчин үед хотууд дэд бүтцээ, томоохон гудамж, талбайгаа дагаж хөгжил нь явагддаг. Түүнээс гол, гуу жалга дагаж хотын хөгжил ярихгүй. 

П.ГАЛИНДЭВ:

- Энэ удаагийн сонгууль шударга болж чадах уу гэдэг дээр хариулт өгч чадах хүн алга байна. Өнгөрсөн удаагийн  сонгуульд илтэд булхай, луйврын шинжтэй үйлдлүүд гаргасан. Гомдол гаргасан хэдий ч дүн гарсан л бол хуулийн байгууллагуудад хамаагүй болчихсон. Өмнө нь ямар булхай луйвар явсан бэ гэдэг нь огт хамаагүй. Өнгөрсөн сонгуульд би БГД -т нэр дэвшсэн. Эхний 10 гаруй сонгуулийн хорооны мэдээлэл ирэхэд би нэгээр гарсан. Гэвч дундуур нь Д.Галиндэв гэдэг нэр дэвшигч огт байгаагүй юм шиг алга болчихсон.  35 нэр дэвшигч дотор миний нэр байгаагүй. Харин цаг гаруйн дараа 5 дээр эрэмбэлсэн. Сонгууль бүрээр луйвар болж байна. Галиндэв ялагдахдаа биш, аль нэг нам, эвсэл ялах, ялагдах биш эцсийн дүндээ сонгогч, нийт ард түмэн сонгуулийн луйварт ялагдаж байна.

 Х.ОЮУНЧУЛУУН: 

- Сонгогчдын нэрсийн жагсаалт, бүртгэлтэй холбоотой асуудлыг ярилаа. Сар гаруйн өмнө манай гэрийн хаяг бүртгэл дээр 3 хүний бүртгэлийг нэмсэн тохиолдол бий. Учир нь гэрийн хэрэглээний төлбөр маш өндөр гарсан. Энэ яагаад ийм өндөр гарчхав, өдөртөө хүнгүй хоосон байдаг гээд очоод уулзахаар танайх ам бүлийн тоогоор хэрэглээний төлбөр гарж байна гэдэг тайлбар тавьсан. Тиймд бүргэлээ шалгуулж үзсэн. Гэтэл манай гэр бүлийн биш 3 хүн бүртгэлтэй байгаа юм. Бид тодруулъя гээд сарын дараа тайлбар өгөхдөө удахгүй танай бүртгэлээс хасна гэдэг тайлбар хийсэн. Өнөөдрийг хүртэл хасалт хийхгүй байсаар шилжилт хөдөлгөөн албан ёсоор дууссан. Тэгэхээр ийм ойрын жишээ байгаа учраас та бүхэн өөрсдийн гэрийн хаяг дээрх бүртгэлээ хянахыг дахин сануулж байна. Өөрт мэдэгдэхгүйгээр хаягт байршуулах тохиолдол хэд байгааг таашгүй. Иргэн та бид өөрсдөө ажиглалт хийж, таныг төлөөлөх эрх мэдэлтнийг сонгох эрх, үүргийнхээ хүрээнд хариуцлагатай байхыг дахин сануулж байна.

Б.БАЯРСАЙХАН: 

- Сонгууль шударга болох ёстой. 2000 он хүртэлх улс төрийн сонгуулиуд харьцангуй шударга явагддаг байсан бол түүнээс хойших сонгуулиуд будилаан, зөрчил, луйвар ихтэй болох боллоо. 2016 оноос хойш сонгогчдын нэрсийн жагсаалт, иргэний бүртгэл дээрх мэдээлэлтэй холбоотой луйврууд маш ихээр гарч байна. сонгууль шударга явахын тулд хууль хэрэгжих ёстой. сонгуулийг төрийн ажил гэж үзээд сонгуулийн хэсгийн хороонд төрийн алба хаагчид ажиллах болсон. Тиймд төрийн алба хаагчдад хандан та бүхэн монголын ард түмний нэг хэсэг бөгөөд сонгуулийг шударгаар, ил тод явуулж ажиллах хэрэгтэй. Сонгуулийн луйвар гэдэг бол төрийн эсрэг гэт хэрэгт тооцогддог. Санал хураалтын орой 20 цагаас хойш ирц нэмэгдсээр бүрэнхий болж эхлэхэд цахим царцаанууд явагдах магадлал өнөөдөр болсон. Тийм учраас сонгуулийг зохион байгуулж буй төрийн алба хаагчид төрийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу шударгаар ажиллаасай гэж дахин уриалмаар байна.

 Д.ЭНХТУЯА: 

- Өнгөрсөн даваа гарагийн НИТХ-ын хурлаар тойргийн мандатыг хуваарилахад бүсчилсэн хөгжлийн зарчмыг ярьсан. Өмнө нь байсан нийслэл дээр 23 тойргийг 12 тойрог болгосон. 2020 оны сонгуулиар 925 мянган сонгогч орон нутгийн сонгуульд оролцсон бол өнөөдрийн урьдчилсан тооцоогоор 1,3 сая иргэн сонгуульд оролцох тооцоо гарсан. Гэтэл яаж 45 төлөөлөгч 1,7 сая иргэнийг төлөөлөх юм бэ.

1992 онд батлагдсан хуулиар 2 сая иргэнд 76 гишүүн төлөөлөл ногдоно гэж авч үзсэн байдаг. Одоо 3.5 сая иргэн 126 гишүүнтэй байна гээд УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор явуулахаар болж байгаа юм. 1,7 сая иргэн амьдарч байгаа Улаанбаатар хот бол Монгол улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн төв болдог. Гэтэл 1,7 сая иргэнд ногдож байгаа төлөөлөл 45 хэвээр байгаа юм. Тэгэхээр улс орон, сонгогчдынхоо эрх ашгийг бодохгүй шийдвэрийг НИТХ дахь МАН-ын бүлэг хүч түрэн гаргаж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна