Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрээ асуух боломжгүй

Админ
2019/09/09

УИХ өнгөрсөн баасан гаригт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж дууссан. Улмаар бямба гаригт Үндсэн хуульд оруулж буй өөрчлөлттэй холбогдуулан ард нийтийн санал асуулга явуулахаар болсон юм. Тиймээс УИХ өнөөдрөөс Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Ард нийтийн санал асуулгад нийтдээ 29 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарчээ.  

 


Хуралдаанд Байнгын хорооны хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд орж ирж “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд өргөн барьсан бүх төслөө буцаан татаж байгааг, мөн одоо явуулахаар төлөвлөж буй Ард нийтийн санал асуулгад хоёр дахь асуулт нэмэх тогтоолын төслийг өргөн барихад бэлэн болсон” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн зүгээс Ард нийтийн санал асуулгаар засаглалын хэлбэрээ буюу Ерөнхийлөгчийн засаглал, мөн парламентын засаглалын алийг сонгохыг давхар асуух хэрэгтэй гэлээ. Гэвч УИХ-ын Тамгын газраас боломжгүй гэх тайлбар өглөө. Ард нийтийн санал асуулгын тухай хууль бол ерөнхий хууль.

 


 Харин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард нийтээс яаж, хэрхэн асуухыг журамласан байдаг. Уг хуулиар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг дэмжиж байна уу, дэмжихгүй байна уу” гэсэн ганцхан асууултыг ард түмнээс асууж, ганцхан хариулт авах хуулийн зохицуулалттай. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлсэн засаглалын хэлбэрээ асуух асуултыг энэ удаа болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй хамт асуух боломжгүй гэж хариуллаа.   

 


Гэвч эцсийн шийдвэрийг УИХ гаргах бөгөөд Ерөнхийлөгч дээрх тогтоолын төслөө удахгүй УИХ-ын даргад өргөн барих юм байна. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна