ТОВЧ VS: ДАШТ-д явах гэж байсан залуу тамирчныг дасгалжуулагч нь дарамталсан, дарамтлаагүй 

Админ
2019/09/09

УАШТ-д түрүүлсэн тамирчдад ДАШТ-д зодоглох эрх олгодог уламжлал тогтоод буй. Гэтэл Улсын аваргын тэмцээнд унасан бөх дасгалжуулагчтайгаа хуйвалдан ДАШТ-д оролцохоор бэлтгэж байна хэмээн Баянхонгор аймгийн харьяат, “Женко” клубийн бөх М.Пүрэвтунгалагийн аав Мөнхбат мэдэгдлээ. Энэ сэдвээр хоёр талын байр суурийг сонирхуулж байна.

 

Би өлсгөлөн зарлаад ч хамаагүй охиныхоо төлөө тэмцэнэ

 

Энэ талаар Мөнхбат “Охин минь энэ жил залуучууд 57, насанд хүрэгчдийн 53 кг-д УАШТ-д түрүүлсэн.  Анх удаа 18 нас хүрээгүй хүүхэд Улсын аваргад түрүүлж, ДАШТ оролцох батламжаа гардаж авсан. 20 тамирчин батламжаа гардаж авснаас ганцхан миний охиныг уйлуулан орхиж байна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалуулагч Б.Баттулга Э.Сумъяаг тэмцээнд оролцуулахын тулд охиныг минь дарамталсан байсан. Тэр Сумъяа нь УАШТ-нээс хасагдчихсан. Шударга юм гэж алга, үнэн юм гэж алга. Тэр дасгалжуулагч Б.Баттулга миний охиныг дарамталсан байна, солио хийж, наймаалцсан байна. Би өлсгөлөн зарлаад ч хамаагүй охиныхоо төлөө тэмцэнэ. Охиныхоо оронд Э.Сумъяаг лав өрсөлдүүлэхгүй. Хэрвээ түүнийг ДАШТ-д өрсөлдвөл би амиа хорлоно. Миний охиныг оролцуулахгүй юм гэхэд УАШТ-д үзүүрлэсэн, эсвэл хүрэл медаль авсан тамирчныг оролцуулах учиртай байлтай. Би Б.Баттулга дасгалжуулагчтай уулзсан. Тэгэхэд “Танай хүүхдийн бэлтгэл дутуу байгаа” гэсэн. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч хүн, тамирчдынхаа бэлтгэлийг хангах учиртай албан тушаалтан тэгж хэлээд сууж байж болох уу. Малчин хүнийг яасан ч яах вэ гэж боддог юм байлгүй. Монголын чөлөөт бөхийн холбоог удирддаг Д.Сумъяабазар сайдаа үүнд анхаараач ээ. Миний охиныг яагаад малаас доор үздэг юм бэ. Шударга ёсны төлөө тэмцэхийг монголчуудаа, баянхонгорчуудаа уриалъя. Миний охин шинжилгээгээр эрүүл гэж гарсан” гэв.

 

 

Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд зөв шийдвэр гаргасан

 

 Тус мэдээллийн дараа дасгалжуулагч Б.Баттулга тайлбар мэдээлэл өглөө. Тэрбээр “2016-2020 оны олимпийн циклд манай холбоо бодлогын нэлээд өөрчлөлт хийсэн. Үүний нэг өөрчлөлт нь УАШТ –д түрүүлсэн тамирчидаа ДАШТ явуулна гэж өнгөрсөн 12 дугаар сард зарласан. Нийт 20 жингийн тамирчид эрхээ авсан. Улсын аваргад түрүүлнэ гэдэг ДАШТ оролцох 99 хувийн магадлалтай болж ирнэ гэсэн үг.  Үлдсэн 1 хувь нь гэмтэл бэртэл, сахилга батаас шалтгаална. Сая хэвлэлийн хурал үзлээ. Энэ бол зөвхөн нэг бус хоёр тамирчны тухай асуудал яригдсан. Пүрэвтунгалагийн хувьд 6 дугаар сарын 27-нд Шигшээ багийг цуглуулахад биедээ гурваас дөрвөн хатигтай байсан. Бид сарын хугацаанд эмчилсэн. Гэтэл хатиг дахин дахин гарсаар байсан. Гарах тоолонд нь Пүрэвтунгалагийг бэлтгэлээс чөлөөлсөн. Наадмын дараа  буюу 7 дугаар сарын 22-ны өдөр цусны шинжилгээ хийлгэсэн. Гэтэл тэр шинжилгээний бичгээ 40 гаруй хоногийн дараа авчирч өгсөн. Энэ үеэр төлөвлөгөөний дагуу Польши улс руу тэмцээнд явсан, хамтарсан бэлтгэлд хамрагдсан. Үүний дараа Турк улсад 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийсэн. Гэтэл ачаалал өгч эхэлсэн тул Пүрэвтунгалагийн бие дээр дахиад хатиг гарсан. Улмаар Дэлхийн аваргын баг бүрэлдэхүүний талаарх хурал зарласаны дараа бичгээ авчирч өгсөн. Шинжилгээгээ нэлээд олон үзүүлэлт нь сөрөг гарсан учраас тэмцээнд оролцуулах боломжгүй гэж үзсэн тул 9 сарын 4-ны өдөр нэрийг нь сольж, явуулсан. Нэрийг нь явуулахаас өмнө М.Пүрэвтунгалагийг Сумъяатай барилдуулсан. 30-0-ийн харьцаатай буюу М.Пүрэвтунгалаг ганц ч оноо авч чадаагүй. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хувьд, татвар төлөгчдийн мөнгөөр тамирчидаа авч явж байгаагийн хувьд зөв шийдвэр гаргасан гэж бодож байна. Ер нь тамирчин хүнд биеийн бэлтгэлээс эхлээд сэтгэлзүйн бэлтгэл, жудаг гэж юм байх ёстой. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг харахад шийдвэр зөв байсныг давхар нотолж байна” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна