Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоолоо

Админ
Өчигдөр 17 цаг 14 минут

Орхон аймгийн ойролцоох Булган аймгийн Бугат, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан талаар өмнө нь сэрэмжлүүлж байсан билээ.

      Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн Төмөр замд байх иргэн Э-ийн нэг тугалд 2021.12.11-нд малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг илэрчээ.
Улсын мал эмнэлгийн төв лабораторид сорьцыг шинжлүүлэхээр явуулсан бөгөөд  2021 оны 12 сарын 13-ны өдөр шинжилгээний хариу гарахад шүлхий өвчин мөн болох нь батлагдсан байна. Өвчтэй малыг устгалд оруулжээ. Энэхүү айлын мал сүрэг шүлхийн вакцинд хамрагдаж амжаагүй байжээ.
       Орхон аймгийн Мал эмнэлгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд голомтын бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, малыг нь 10 хувь вакцинжуулжээ.
Жаргалант сумын Засаг даргын А/199 тоот захирамжаар тус суманд 21 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.
     Жаргалант суманд өвөлжиж байгаа малчин болон мал бүхий иргэд 14 хоногийн турш малаа хариулгатай байлгах, Жаргалант багийн иргэд улсын чанартай А-1001 замаас урагш болон халдвартай бүсэд малаа бэлчээхгүй байх, малдаа тавих хараа хяналтаа сайжруулж хорио цээрийн дэглэмийг баримтлахыг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна.
      Уг шүлхийн вирус төмөр замын бүс нутаг дагаж орж ирсэн байх магадлалтай байгаа аж. Тус айлын хотонд одоогийн байдлаар 53 бог, 8 үхэр байгаа бөгөөд мал нэмж өвчлөөгүй байна.
   Шүлхийн вакциныг малд тарьснаас хойш 21 хоногийн дараа дархлаа бүрэн тогтож дуусах бөгөөд дархлаагаа 3 сарын турш хадгалдаг ажээ.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна