Д.АМАРБАЯСГАЛАН: ОБЕГ-аас өгсөн мэдээллээр 20 орчим сая мал хорогдох төлөвтэй байна

Админ
2024/03/20

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Д.АМАРБАЯСГАЛАН: 

- Малчдын гар дээр 50 гаруй мянган тонн мах байгаа боловч, цас зудны нөхцөл байдлаас хамааран худалдан авах нөхцөл хийгдэхгүй байна. Үнэ хямд байна гэдэг гомдол гарсан. Үйлдвэрийн аргаар нядлагдаагүй учир мах бэлтгэлийн компаниуд авдаггүй. Харин ченжүүд авч, Улаанбаатар хотын махны хэрэгцээг хангадаг.

-  Үхрийн махыг 7000, хонины махыг 5000, ямааны махыг 3500 төгрөгөөр авч байна. Гэтэл Улаанбаатар хотод ирээд 20,000 төгрөгөөр худалдаалагддаг нь зохицуулалт хийх шаардлагатайг илтгэдэг. Улаанбаатарт 6000 тонн орчим махны нөөц байна. Зах зээлд нийлүүлэх боломжтой 2000 тонн орчим үхэр, хонины байгаа юм байна. Гурав, дөрөв ялангуяа тав, зургаадугаар сард нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлд Засгийн газар анхаарч ажиллана.

- Цас зудны асуудлаас үүдэж, малчдыг малжуулах хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлэх үү гэдэг нь тулгамдсан асуудал болоод байна.  Зургаан сая гаруй мал хорогдоод байна. Онцгой байдлын ерөнхий гаргасан мэдээллээр 20 орчим сая мал хорогдоно гэдэг мэдээлэл өгөөд байна. 20 сая гэдэг нь 20 мянган малчны 70-аас дээш хувьд нь хорогдол учирна. Зарим нь бүр малгүй болох эрсдэлтэй. 

- Иймээс малчдад урт хугацаатай хүүгүй зээл олгоно. Хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 107 тэрбум төгрөг байгаа. Эндээс малгүй болсон иргэдэд 5-8 сая төгрөгийн хүүгүй урт хугацаат зээл олгож, дэмжлэг үзүүлнэ.

Бэлчээрийн мал аж ахуй цаашдаа энэ хэлбэрээр эрсдлийг даван туулах боломжгүй учраас Засгийн газраас ойрын хугацаанд уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна