ТЕГ: Тагнуул хийсэн этгээдүүдэд 13 жилийн ял оноосон

Админ
2019/07/24

Монголд тагнуул хийж байсан Тайванийн иргэн болон түүнд хоёр жил гаруй мэдээлэл дамжуулсан тусгай албаны ажилтнуудыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Голомт хотхоноос ТЕГ-ынхан баривчилсан. Хууль хяналтын байгууллагаас улсын нууцтай холбоотой асуудал учраас ямар шийтгэл оноосон талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан бол ТЕГ-аас дараах тайлбарыг өгчээ.

 

Тагнуулын ерөнхий газраас мэдээлснээр “Тагнуулын байгууллагаас өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийж байсан гадаадын иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн үйлдлийг илрүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу саатуулсан. Улмаар тухайн этгээдүүдийн гэмт үйлдэлд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал 2019 оны долдугаар сарын 22-ны өдөр болж, гадаадын иргэн “В”-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн “А”-д 13 жил гурван сар,  Монгол Улсын иргэн “М”-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын иргэдийг хамтран ажиллахыг ятгах, хамтран ажиллахаар тохиролцох, улмаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлуулах буюу дамжуулж авах тохиолдол гарах боллоо. Ялангуяа тэд манай төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээдийг ашиглах эрмэлзэлтэй байдаг” гэсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна