Хуучин оноо дүгнэн, ирэх жилээ төлөвлөн байгаа энэ үед цахим орчин, улс төрийн хүрээнд “Улаанбаатар хотын иргэнд ногдуулах торгууль”-ийн талаар ам уралдан хэлэлцэж, шүүмжилж байгааг ажиглахад “Монгол улсын хөгжил мөдгүй” мэт санагдаж, харамсана.
Анх Сингапурт сурахаар очоод “Хөдлөх бүрт торгуультай хаашаа янзын улс вэ” хэмээн эгдүүцэн бухимдаж байсан бол хэсэг хугацааны дараа “Би дүрэм зөрчихгүй бол торгуулахгүй” гэдгээ ойлгож, хүндэлж эхэлсэн.
Дэлхий нийт XX зуунд “Швейцар лугаа хөгжье” хэмээн уухайлан урагшилж асан бол өдгөө XXI зууны үлгэр жишээгээр Азийн бар улсыг онцлон, “Сингапур лугаа хөгжье” хэмээн хөгжлийн бодлогоо томъёолж байна. Хөгжлийн нууц нь ерөөсөө л “Иргэн бүрийн хариуцлага” юм. Иргэдийг хариуцлагатай, соёлтой, хамтын ухамсартай байлгахын тулд урамшууллын, шийтгэлийн аргуудыг аль ч улс өөр, өөрсдийнхөөрөө хэрэглэдэг.
Жишээлбэл, Сингапурт гарцгүй газраар зам гарах буюу “jaywalking” нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд өндөр торгууль, зарим тохиолдолд шүүхийн шийтгэл хүртэл авч болно. Монголд гэтэл энэ нь өдөр тутмын хэвийн үзэгдэл. Сингапурт бохь зажлаад гудамжинд хаявал 500 Сингапур доллар хүртэл торгууль ногдуулдаг. Энэ нь ойролцоогоор 370 ам.доллартай тэнцэнэ. Харин Монголд “Бохь зажлаад энэ тэнд хаяж болохгүй” гэвэл хэн ч тоохгүй. Бүр “Торгоно шүү” гээд хэлвэл тэгж хэлсэн хүнийг нийлээд цаазлах нь холгүй. Бүр иргэдийг төлөөлөн, нийтийн сайн сайхны төлөө ажиллах ёстой төлөөлөгчид нь ч улс төрийн зорилгоор мушгин гуйвуулж, олон нийтийг хагаралдуулж суугаа нь харамсалтай.
Жишээлбэл, НИТХ төлөөлөгч О.Зундуйдорж бүр "Нийслэлийн төсвийн ирэх оны торгуулийн орлого 192 тэрбум. Иргэдийг торгож бүрдүүлнэ гэсэн үг" хэмээн ярилцлага өгсөн байх юм. Гэтэл хамгийн гол зүйл “Иргэн зөрчил гаргахгүй бол торгуулахгүй”. Үйлдээгүй хэрэгт нь иргэнд торгууль ногдуулна гэж байхгүй шүү дээ.
Бид Сингапур лугаа хөгжихийг хүсвэл иргэн бүр нь хариуцлагатай байж, тодорхой зохион байгуулалт, дэг журмыг дагаж мөрдөх л ёстой. Мөн өдөөн хатгасан, олон нийтийг төөрөгдүүлсэн улс төрч, мэдээллийг таньж мэдэж эсэргүүцэж сурах ёстой.
Аливаа зүйл өөр, өөрийн төлөөстэй байдаг. Улаанбаатарын хөгжлийн төлбөр нь “Иргэн бүрийн хариуцлага” юм шүү. Та хариуцлагаасаа татгалзвал “Хэн нэгэн таныг дөнгөлнө”. Хүн төрөлхтөний хөгжлөөс хол хоцорч, зэрлэг бүдүүлгээрээ үлдэхгүйн тулд Монголчууд бид нэгэнтээ “Соёлын хувьсгал” эхлүүлэн дургүй байсан ч хамаагүй зохион байгуулалттайгаар шүдээ угааж, гараа савандаж угааж байсан цаг саяхан. Харин өнөө цагт иргэд бид дургүй байсан ч хамаагүй “Нийтээр хүлээх дүрэм, хариуцлагаа томъёолж” дагаж мөрдөн - хамтын соёл, ухамсарыг төлөвшүүлэх л хэрэгтэй юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.94
эд нарын хардаг өнцөг нь арай л шүү, УИХ, НИТХ ялгаагүй, яагаад ийм байдаг юм бол? яагаад?
Хариулах