Олон удаа томилолтод явсан гишүүд томилолт бүрээ тайлагнах ёстой

Б.Ариунзаяа
2025/12/15

Өнгөрөгч долоо хоногт зарим УИХ-ын гишүүдийн гадаад оронд хийсэн томилолтын тоо олны анхаарлыг татлаа. Тодруулбал, УИХ хоёр тэрбум төгрөгийг томилолтын зардалд төсөвлөснөөс 1.7 тэрбумыг оны эхний хагас жилд үрсэн байна. УИХ-ын гишүүдээс хамгийн олон буюу 22 удаа томилолтод явсан гишүүнээр С.Цэнгүүн тодорсон. Удаагаар нь П.Батчимэг, А.Ундраа нарын гишүүд орсон билээ. Тэд энэ мэдээлэл гарсны дараа хэдэн төгрөгний санхүүжилтээр, хаашаа, хэзээ, ямар ажлаар явснаа тодорхой мэдээлээгүй ч өөрсдийн мөнгөөр, хувийн асуудлаар эсвэл олон улсын байгууллагын санхүүжилтээр томилолтод явсан гэж мэдээлсэн юм. Тухайлбал, С.Цэнгүүн гишүүн парламентын хамгийн залуу гишүүн учраас ийм олон удаа томилолтод явсан гэдэг хариултыг өгсөн.

Ингэхдээ тэрээр 22 томилолтоос зөвхөн нэгт нь улсын төсвийн мөнгөөр явсан бол үлдсэн нь дандаа ОУ-ын байгууллагуудын санхүүжилт байсан хэмээсэн юм. Тэгвэл үүнийгээ нэг бүрчлэн нотлохыг шаардах нь зүйн хэрэг билээ. Энэ бол иргэд, сонгогчид, татвар төлөгчид бидний хууль тогтоогчдоос хүсэх зүй ёсны шаардлага. Энэ асуудал сошиалд гараад л өнгөрдөг ямар нэг дуулиан шуугианы адилаар гурав хоноод л мартагдчихаж болохгүй. Иргэдийн төлөөлөл болж ажиллах ёстой гишүүд энэ мэтээр ээж аавдаа эрхэлж байгаа мэт хамгийн бага нь болохоор би ийшээ ч тийшээ ч явлаа гээд сууж байж болохгүй. Тийм учраас С.Цэнгүүн гишүүн хууль санаачилж батлуулаад, ард иргэдийн төлөөлөл болоод ажиллаж байх ёстой хугацаандаа төрийн мөнгөөр зугаалж, цэнгэж яваагүй гэдгээ батлах шаардлагатай болж байна.

УИХ-ын гишүүн П.Батчимэг ч мөн уг асуудлаар хийсэн тайлбартаа цөөн хэдэн тохиолдолд төрийн айлчлалд оролцохоор томилолтод явсан тухайгаа учирлаж, бусад тохиолдолд ар гэр, хувийн шалтгаанаар гаднын орныг зорьсноо хэлсэн. Тэгвэл үүнийгээ ч бас нотлох ёстой.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.91.142
    2025/12/16

    Төрийн ч бай хувийн ААН ч бай томилолтоор явсан хүн тодорхой зорилго үүрэг даалгавар биелүүлэхээр яваад ажлын 3 хоногт тайлангаа гаргаж дүгнэлт авдаг төрийн түшээд гээ л зүгээр томилолтын мөнгө зувчууллаа хийж бүтээсэн юмгүй бараа бологч дагалдах хүн гэж л харагдаад байдаг.Жилд 12 сар тэгэхээр сард 2 удаа томилолт хамгийн багадаа 5 хоног ирж очих нислэг ирээд ядарсан энэ тэгээд бас 1-2 хоног ажилдаа ирэхгүй.Хэзээ хууль,төсөв ард түмэнд хэрэгтэй эрх зүйн орчин бүрдүүлэх үндсэн ажлаа хиих юм бэ? УИХ-г хуулийн охчин бүрдүүлэх түүнийг мөрдүүлэх үндсэн үүрэгтэй гэж ойлгодог.

    Хариулах