ТОСТ ТОСОН БУМБЫН НУРУУГ БҮҮ УЛСТӨРЖҮҮЛЭЭЧ !!!

Админ
2019/08/09

Дэлхийн улаан номонд орсон ан амьтадтай Тост тосон бумбын нурууны асуудал өнөөгийн сэдэв болов. Болохоос ч аргагүй нөхцөл тэнд үүссэн. Байгаль экологийн асуудал нь хүндэрч, байх аргагүй болсон талаар уугуул иргэд нь хуульч, өмгөөлөгчидөөс эхлээд улстөрч, улсын сайд гээд бүхий л эрх мэдэлтнүүдэд үгээ дайсан. Харамсалтай нь дорвитой арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрсэн нь нууц биш. Лиценз олголт үргэлжилдэгээрээ үргэлжилж, үйл лайг нь малчид үүрдэгээрээ үүрсээр. Гэхдээ энэ бол улстөржих сэдэв биш. 

 


Нэн ховордсон амьтад, нэг биш нэлээд олон сум суурингийн хөгжил уг асуудлаас улбаалах учир гоомой хандах эрх хэнд ч байхгүй. Ялангуяа шийдвэр гаргагчид болоод энэ сэдвийг “хөндөгчид”. Улстөржилтөд өртсөн асуудал болгон ухаалаг байдаггүйн жишээг энд дурдмаар байвч нэг л буруу үг, шийдвэр бүхнийг эргүүлэх чадалтайг юуны түрүүнд сануулмаар. Өмнөговьчуудын өмнө тулсан энэ асуудлыг бүү улстөржүүлээч гэж гуймаар байна.

 


Тос тосон бумбын нурууны асуудлаар сүүлийн үед хэд хэдэн хэлэлцүүлэг боллоо. Бүгд л асуудлын гарцыг хайцгаалаа. Гэхдээ ганцхан компани руу дайрч, хэсэгхэн газрыг хамгаалснаараа Гурвантэс сумынхны асуудал өргөс авсан мэт шийдэгдэнэ гэж үү. Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн гишүүн Ц.Бээжин “Тост тосон бумбын нурууны талаар хэлэлцүүлэг явуулж байгаа хүмүүс хүч чадал нь хүрэхгүй байгаа юмуу эсвэл тодорхой нэг бодол байгаа юм уу асуудлыг цогцоор ярьж чадахгүй байна. Байгаль орчин гэдэг чинь жижиг лицензийн талбайн шугам зургаар хязгаарлагдахгүй шүү дээ” хэмээн ярьжээ.

 

 


Үнэндээ Гурван тэс суманд яг одоогийн байдлаар “Жавхлант Орд ХХК, “Терра Энержи” ХХК,  “Зэлэм” ХХК, “Эс Жи Эс Монгол” ХХК, Чинхуа МАК, МАК, “Өсөх Зоос”, "Сауд гоби коэл транс" зэрэг найман компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр компаниуд бүгд тостын нурууны байгаль экологит аюул учруулж байгаа юу гэвэл, тийм. Гэхдээ эдгээр компаниудаас зөвхөн ганц руу эсэргүүцэлээ чиглүүлж байгаа нь цаана ямар шалтгаантай вэ. Нутгийн зөвлөлийн гишүүн нь хүртэл гайхах нууц ашиг сонирхол юу байна вэ...

 


Одоо дахин таван компани тус газар уур уурхай эрхлэхээр лицензээ авчихсан байна. Хэрвээ үнэхээр унасан газар, угаасан усаа гэдэг бол өнөө маргаашгүй үйл ажиллагаа эхлүүлэх гэж байгаа дээрх таван компанид анхаарлаа бас давхар хандуулах ёстой бус уу. Эхэлчихсэнтэй нь биш эхлүүлэхээр яарч байгаатай нь тэмцвэл илүү үр дүнтэй биш гэж үү... 

 


Учир нь Гурван тэс сум ирээдүйд одоогийнхоосоо ч илүү хүнд байдал орох  магадлал өндөр байна.  Хэдэн жилийн өмнө Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бусаар олгосон гэх 107 лицензийн хэрэг мандаж байв. Гэтэл эдгээр хууль бус лицензүүдийн зарим нь сэргэж, юу яасан Тос тосон бумба, Нарийн сухайт,  бүр давааг нь даваад Ар хөндий, Хатан сэврэй, Нэмэхт, Гэлбэнт, Арц богд, Их бага Богд гээд улсын тусгай хамгаалалттай бүс нутаг руу халдахаар завдаж байгаад нутгийнхан нь эмзэглэж сууна. Буянт малаа хотлуулах, бууж сууж газаргүй болох вий гэхээс эмээцгээж байна. 

 


Тэгэхээр нэг компани, нэг хүн рүү дайрахаас илүү асуудлыг илүү цогцоор нь харж, аль аль талынхаа эрх ашгийг хөндөхгүй шийдвэр гаргах нь нөгөөх хайгаад байгаа гарц биш үү. Ирэх сонгуулийн сурталчилгаагаа бодсон “попчид”-ын үгнээс илүү, иргэд, эрдэмтэдийн үзэл санааг тусгаж шийдвэр гаргах нь 30 гаруй жил замнаж ирсэн ардчиллын үнэт зүйл биз дээ.


 

 

 

Б.Ариун


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна