Д.Жигжиднямаа, шил шилээ дарсан ослуудын хариуцлагыг хэн хүлээх вэ?

Админ
2019/08/15

Төмөр замын салбарт дахиад л осол гарлаа. Жил бүр ажлын байрны аюулгүйн дүрмээ баримтлаагүйгээс ажилтнууд нь тахир дутуу болж, эсвэл амиа алддаг ч хэн нэгэн даргын буруу биш харин ажилтны буруу болоод өнгөрдөг хэрээс хэтэрсэн завхрал энэ салбарт нүүрлэснийг хэвлэлийнхэн сануулсаар удлаа. Харамсалтай нь хэн ч хариуцлага хүлээсэнгүй. Хариуцлага ярьсан нэгнийхээ “ам руу алгаддаг” үзэгдэлээ хэзээ зогсоох вэ, энэ байгууллага. 


2017 онд төмөр замын салбарт нийт 28 осол гарч, эндээс үйлдвэрлэлийн осол 13 бүртгэгдэж байсан гэх тоон мэдээ байдаг. Хоёр ажилчин нас барж, 10 гаруй ажилтан нь хөдөлмөрийн чадвараа алдсан гэх. 2018 оныг “Сахилга хариуцлагын жил” болгож зарласнаа оны дараахан сүр дуулиантай мэдэгдэж байв. Гэвч МХЕГ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хэлтсийн даргын хэлж байгаа 62 ослын 32 нь өнгөрсөн жил буюу ганцхан жилийн дотор гарсан гэхээр Монголдоо ганц төмөр зам хамгийн найдваргүй газрын нэг болсон мэт. Төмөр замаар гадаад, дотоодын олон мянган иргэн зорчиж, хэдэн зуун тоон транзит болон дотоодын ачаа тээвэрлэдэг. Гэтэл энэ олон осол хүний амь насанд хүрэхгүй гэх баталгаа алга.


Өчигдөр /2019.08.14/ өглөө Төв аймгийн нутаг дэвсгэр Мааньт өртөөний орчимд дөрвөн вагон унаж төмөр зам эвдэрсэн талаар бид мэдээлсэн. Мааньт өртөө 521-р километрийн 3-р зуутад Улаанбаатар-Чойр чиглэлийн ачааны 2656-р галт тэрэгний араасаа дөрөв дэх вагон замаас гарч, 5,6,7-р вагон унасан. Азаар ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй бөгөөд вагон унасны улмаас гурван ширхэг суман шилжүүлэг эвдэрсэн. Уг хэргийг Төмөр замын цагдаагийн газар шалгаж байгаа. Гэхдээ энд нэг зүйлийг санах хэрэгтэй. Энэ бол хэвлэлийнхэнд мэдэгдсэн зөвхөн ганц осол. УБТЗ ХНН-т сүүлийн үед гарсан ослуудаа дардаг болсон. Мэргэжлийн хяналтынхныг босгоороо давуулахгүй хэмээн томордог байгууллагад нүднээс далд хичнээн ч осол гарч, хэдэн хүн бэртэж гэмтэж байгаа бол...

 

Нөгөөтэйгүүр өчигдөр гарсан шиг осол дахин гарахыг үгүйсгэхгүй. Учир нь өнгөрсөн жилийн өдийд мөн л хүчтэй орсон борооны улмаас дөрвөн вагон замаасаа гарч хөдөлгөөн хааж байв. Дорноговь аймгийн Айраг өртөөнд болсон уг осолд 300 гаруй зорчигч өртсөн байдаг. Энэ бол зөвхөн борооноос үүдэлтэй осол байв. Төмөр замын цагдаагийн газар Мааньтад болсон ослыг мөн л “борооны улмаас” гэх урьдчилсан дүгнэлт гаргасан сурагтай. Тэгэхээр бороо орох тоолонд  УБТЗ-д осол “тэмдэглэгдсээр” байна гэсэн үг үү. Энэ сард үе үе усархаг бороотой  гэдгийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байгаа.  УБТЗ ХНН хохирол амсахгүй гэх баталгаа байна уу...   

 

Б.Өрнөх


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна