Төрийн залгамж чанарын эсрэг “боссон” 10 гишүүн

Админ
2019/09/06

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Энэ өдрүүдэд гол гол өөрчлөлтүүдийг хэлэлцэж байгаа ч тангарагаа умартаж, төрийн эсрэг боссон гишүүдийн уршигаар саналууд унах хэмжээнд хүрсэнийг эх сурвалжууд дуулгасаар байна. Монголчуудын улстөрийн тогтворгүй байдал улс орны хөгжил болоод хөрөнгө оруулагчдад байнга саад хийсээр ирсэн. Учир нь Засгийн газар нь тогтвортой ажиллаж чадаагүйгээс өмнөх Засгийнхаа хийсэн ажлыг нь үгүйсгэдэг, эхлэсэнийг нь дуусгадаггүй, удаашруулдаг. Энэ нь улмаар эдийн засагт нөлөөлж, хямралын түвшинд хүргэдэг нь нууц биш.

 

Өнгөрсөн жилүүдэд улстөрчид энэ талаар амаа чилтэл ярьж,  ард түмний өмнө жүжиг тавьсан ч ачир дээрээ Засгийн газрыг атгах санаагаа санал хураалтаар гүйцэлдүүлсээр байгаа нь харамсалтай. Өчигдөр гэхэд л Үндсэн хуулийн өөрчлөлтийн гол хоёр амин сүнс болох шүүх засаглалын хараат бус байдлыг бэхжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааг илүү үр нөлөөтэй, тогтвортой болгох өөрчлөлтийг асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын 10 гишүүн асуудлыг дэмжихгүй байсаар хэлэлцэхийг хойшлууллаа.

 

Уг нь Үндсэн хуулийн өөрчлөх ёстой хэмээн МАН-ын 62 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлсэн. Эдгээр 10 гишүүний 9 нь тус бичигт гарын үсэг зурсан. Гэтэл ямар шалтгаанаар тэд Төрийн залгамж  чанарын эсрэг "босоход" хүрэв.

 

Сүүлийн гучин орчим жилийн хугацаанд хоёрхон Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа ажилласан. Өөрөөр хэлбэл нэг Засгийн газрын ажиллах  дундаж хугацаа 1,8 жил. Энэ хугацаанд тухайн Засгийн газар дорвитой ганц ч ажил хийж чаддаггүй. Бараг бүрэн эрхийнхээ хугацааг томилгоо хийсээр дуусгадаг. Учир нь манай төрд “хаяглагдсан” албатууд их тул шинээр гарч, Засгийн газрынхаа бодлого шийдвэрийг үл ойшоодог заваан үзэгдэл нийтлэг болчихсон. Нөгөөтэйгүүр өмнөх Засгийн газрынхаа алдаатай бодлогыг залруулж зөв шийдэл олох гэсээр цаг хугацаа алддаг зэргээс эхлээд Засгийн газар, төрийн тогтвортой байдал манайд юу юунаас чухал  байгаа. Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр  толгойны өвчин болсон уг асуудлыг шийдэхийн даваанд 10 гишүүн эсрэг кноп дарсаныг сонгогчид нь ойлгохгүй байна.  

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийг бойкот хийж байгаа гишүүд хувийн эрх ашигаа өмнөө тавьж байгаа талаар ангийнх нь нөхөд нь ярьсаар байгаа. Тэгэхээр хэнийх нь эрх ашиг Үндсэн хуультай харшилдаад байгаа нь сонирхол төрүүлнэ. Үндсэн хуулиас давсан эрхтэй Улсын их хурлын гишүүн гэж байх уу....?!

 

Tovch.mn 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна