Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Сангийн сайд Б.Жавхлан, Боловсролын сайд П.Наранбаяр, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир нартай уулзалт хийлээ.
Уулзалтаар багш нарын цалин, хөдөлмөрийн нөхцөл, ирэх оны төсөвт боловсролын салбарт хуваарилсан хөрөнгө зэрэг асуудлыг хэлэлцэв.
Сангийн сайд Б.Жавхлан хэлэхдээ,
“Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цалинг 20 хувиар, долдугаар сараас дахин 10 хувиар нэмэх тооцоолол гаргасан. 2020 оноос хойш боловсролын салбарын төсөв хамгийн өндөр өсөлттэй явж байна. Цалин хөлсийг үр дүн, гүйцэтгэлд суурилсан байдлаар олгох зарчмаа баримтална” гэж онцоллоо.
Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр,
“Ирэх онд багш нарын үндсэн цалинг нийт 30 хувиар нэмэхээр ажиллаж байна. Нийслэлийн ЕБС-ийн шинэ багшийн үндсэн цалин 1.4 сая төгрөг байгаа. Энэ бол зөвхөн манай салбарын асуудал биш, бусад яамдуудтай хамтран цалин хөлсийг өсгөх бодлого хэрэгжүүлж байна. Ажил хаялтын золиос хүүхэд болох ёсгүй” гэв.
Үйлдвэрчний эвлэлийн дарга З.Цогтгэрэл үүнтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж,
“Бид 30 хувийн нэмэгдэл хүсээгүй. Багш нарын амьжиргаанд хүрэлцэхүйц бодит өөрчлөлт шаардлагатай байна. 1.4 сая төгрөгөөр сар амьдрах боломжгүй. 70 хүүхэдтэй ажиллах ачааллыг ойлгох хэрэгтэй” хэмээн хэллээ.
Уулзалтын эцэст БШУ-ны ҮЭ-ийн төлөөлөл сайд нарын тавьсан саналыг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэж, хариу мэдэгдэхээр боллоо.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!