Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарын БНСУ-ын иргэнээс 3 сая ам.доллар залилж авсан хэргийг “Төрийн нууц”-д хамруулж, хэрэгсэхгүй болгожээ

Б.Ариунзаяа
2019/11/06


Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнээс залилан мэхлэх замаар 3 сая ам.доллар авч, мөн сонгуулийн сурталчилгаандаа 700.000 ам.долларыг хандив гэж нэхэж авсан ноцтой баримт дэлгэгдлээ. 


УИХ-ын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс энэ сарын дөрөвний өдөр Хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус байгууллага байгуулах шаардлагатай эсэх талаарх хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулжээ. Энэ үеэр өмгөөлөгч К.Манлай маш НОЦТОЙ баримт дэлгэсэн нь олны анхаарлыг татаад байна.

 

Түүний хэлснээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, зөвлөх П.Пүрэвсүрэн, Монгол Улсаас БНСУ-д Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнууд БНСУ-ын иргэнийг залилан мэхлэх замаар 3 сая ам.доллар авчээ. Тодруулбал дээрх нэр бүхий этгээдүүд тус иргэнд 10 сая ам.долларын ханштай алтны ордыг 5 сая ам.доллараар худалдан авах санал тавьжээ.

 

БНСУ-ын иргэн бизнесийн ашигтай санал гэж үзсэн учраас 3 сая долларыг нь шилжүүлж лицензийг нь авч, 400 мянган ам.доллароор хайгуул хийжээ. Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, зөвлөх П.Пүрэвсүрэн нарын зарсан орд нь ямар ч алтны нөөцгүй болох нь тогтоогдсон байна. Өөрөөр хэлбэл тэд БНСУ-ын иргэн Ү Тик Ваныг залилжээ. Тус хэргийн талаар хууль хяналтын байгууллагад удаа гомдол гаргасан ч үл мэдэгдэх шалтгаанаар улсын нууцад хамруулж, улмаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

 


Энэ талаар өмгөөлөгч К.Манлайгийн яриаг бүрэн эрхээр хүргэе. 

 


Би БНСУ-ын иргэн Ү Тик Гуан гэдэг хүний өмгөөлөгч. Өнөөдрийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирж чадсангүй. Манай үйлчлүүлэгч 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий  сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УЕП Б.Жаргалсайхан нарт өргөдөл гаргасан. Шалтгаан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, ЕТГ-ын дарга асан П.Цагаан, зөвлөх П.Пүрэвсүрэн, Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ нарын төрийн өндөр албан тушаалтнуудад 3 сая доллар өгч залилуулсан.

 

Гэтэл энэ хэрэг өнөөг хүртэл үнэн зөвөөр шийдэгдэхгүй байгаа юм. Би үйлчлүүлэгчээсээ “Яагаад хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед энэ хэргийн талаар өргөдөл гаргаж байгаа юм бэ” гэж асуухад Монгол улсад улстөр эргэж байна. Миний хэрэг нааштайгаар шийдэгдэх боломжтой болж байна. Өмнө нь өгсөн өргөдөл, гомдол огт шийдэгдээгүй. Ямар нэгэн байдлаар дарагдсаар өдийг хүрсэн” гэх тайлбарыг өгсөн. 

 


Үйл явдлыг товчилбол, хохирогч болох манай үйлчлүүлэгч өөрийнхөө санаачилгаар 2011 онд 1 сая долларын үнэ бүхий шалны халаалтыг нийслэлийн гэр хороололд үнэгүй суурьлуулсан. Тухайн үед солонгосын “Ү ЖЭ МҮ” гэх шалны халаалтын үйлдвэртэй холбогдож, улмаар тус үйлдвэрийн эзэд нь Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч асан Ж.Сүхээ тантай уулзаж, танилцах хүсэлтэй байна гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийн дагуу  ЕТГ-ын дарга асан П.Цагаан, зөвлөх П.Пүрэвсүрэнтай танилцаж, уулзсан байдаг.

 

Тэд уулзалтынхаа үеэр “Та манай улсад маш сайхан ажил өрнүүллээ. Үүний хариуд 10 сая ам.долларын ханштай алтны ордыг 5 сая ам.доллараар худалдах санал тавьж байна” гэсэн саналын хариуд бизнесийн хувьд ашигтай гэж үзээд гэрээ байгуулаад 3 сая долларыг нь шилжүүлж, лицензээ авсан байдаг. Мөн 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглах 1 сая доллар нэхсэнийх нь хариуд 700 мянган ам.доллар өгсөн байдаг. Лицензээ авсан даруйдаа 400 мянган ам.доллароор хайгуул хийхэд нөөц худлаа батлагдсан, алтны нөөцгүй юм байна гэдгийг нь тогтоосон.

 

Улмаар 2011 оны 11 сард Цагдаагийн Ерөнхий газар болон Тагнуулын Ерөнхий газарт гомдол гаргасан.  Гэтэл Улсын мөрдөн байцаах газар болон Нийслэлийн прокурорын газар энэ хэргийг удаа дараа хууль бусаар хэрэгсэхгүй болгож хохироосон. Улсын мөрдөн байцаах газрын ахлах мөрдөн байцаагч Даваадаш 2002 оны Эрүүгийн хуулийн 148.4 зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан боловч Нийслэлийн Прокурорын газраас үл мэдэгдэх шалтгаанаар Төрийн нууцад авч, улмаар хохирогчоос нэг ч удаа байцаалт, мэдүүлэг авалгүйгээр хэргийг хаасан. Ж.Ганцэцэг, Эрхэмбаяр гэх прокурорууд энэ хэргийг хаасан.    


Миний ярьж байгаа эдгээр пактууд бүгд баримттай. Бичгийн болон аудио бичлэгтэй” гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна