“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй “УИХ-ын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах” агуулгатай хуулийн төсөлд дэмжихгүй байр сууриа илэрхийллээ. Тэрбээр уг төслийг “гал дээр тос нэмэхтэй адил” үр дагавартай байж, улс төрийн зөрчил тэмцлийг улам өдөөж, ардчилсан парламентын засаглал, төрийн институцийн тэнцвэрт байдлыг сулруулах эрсдэлтэй гэж үзжээ.

Н.Номтойбаярын үзэж байгаагаар “ёс зүйн алдаа” гэх ойлголт тодорхой бус, харьцангуй шинжтэй тул парламентын гишүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шүүмжлэх эрх чөлөөг хязгаарлах, улмаар бүрэн эрхийг нь дуусгавар болгох “шинэ хэрэгсэл” болж хувирах бодит аюул бий гэжээ. Түүнчлэн уг төслөөр “ёс зүйн алдаа”-тай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэц эцэслэн шийдвэрлэх зохицуулалт тусгагдаж магадгүй нь эргэлзээ, үл итгэлцэл үүсгэнэ гэж дурдсан байна.

Харин тэрбээр төрийн сахилга, хариуцлагыг сайжруулах бодит зорилт тавьж буй бол дараах чиглэлд институцийн шинэчлэл хийх ёстой гэсэн санал дэвшүүлжээ.

Тодруулбал, улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулж намын төлөвшил, ёс зүйг нэмэгдүүлэх; сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж нэр дэвшигчийн шалгуур, иргэдийн хяналтыг бэхжүүлэх; гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Цэцээр бус, тухайн гишүүнийг сонгосон иргэд “recall election” хэлбэрээр шийдэх боломж бүрдүүлэх; шүүх, прокурор, аудит, АТГ зэрэг байгууллагын хараат бус байдлыг эрх зүйн баталгаагаар хангах зэрэг санаа багтаасан байна. 

Тэрбээр төгсгөлд нь “үндэсний язгуур ашиг бол ард түмний сонголтыг хамгаалж, ардчилсан парламентаа бэхжүүлэх” хэмээн онцолсон байна.