АНУ, Израил-ын хамтарсан цэргийн ажиллагааны дараа Иран хариу цохилт өгч, АНУ-ын цэргийн баазуудад довтолсон талаар мэдээлэв. Мөн Иран Ормузын хоолойг хяналтдаа авч, гадаадын хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй гэж мэдэгдсэн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд ноцтой нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүсгэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “шаардлагатай бол Ормузын хоолойгоор нэвтрэх хөлөг онгоцуудыг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин дагалдан хамгаална” хэмээн өөрийн Truth Social хуудсандаа мэдэгдсэн байна.

Ормузын хоолой нь Персийн болон Оманы булангуудыг холбодог стратегийн гарц бөгөөд дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн чухал хэсэг эндээс дамждаг. Сөргөлдөөн гарахаас өмнө тус хоолойгоор өдөрт ойролцоогоор 20 сая баррель газрын тос тээвэрлэгддэг байсан гэж үздэг.

Эх сурвалж: BBC/Truth Social