Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

2019 оны 06 сарын 06

Улсын Дээд шүүхийн Практик судлалын хэлтсээс улсын хэмжээнд анхан шатны шүүхээр 2016-2018 онд шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах (ЭХТА 22.1), хахууль авах (ЭХТА 22.4), хахууль өгөх (ЭХТА 22.5) гэмт хэргээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон гэмт хэргийн талаарх судалгааг хийжээ.

 

Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн нийт 212 хүнд холбогдох 92 хэргийг хянан шийдвэрлэснээс 150 хүнд хорих болон торгох ял оногдуулсан нь хэрэгт холбогдогчдын 70.8 хувийг эзэлж байна.

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт 2016 онд 16 хэрэгт 26 хүн, 2017 онд 35 хэрэгт 77 хүн, 2018 онд 41 хэрэгт 47 хүн ял шийтгүүлсэн аж. 2018 онд шүүхээр шийдвэрлэсэн тухайн төрлийн гэмт хэргийг 2016 онтой харьцуулан үзвэл шийдвэрлэсэн хэрэг 25-аар буюу 1.6 дахин, ял шийтгүүлэгч 21-ээр буюу 80.8 хувиар тус тус өссөн байна. Анхан шатны шүүхүүд 2016-2018 онд тухайн төрлийн 9 хэргийн 29 хүнийг цагаатгажээ.

 

Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх гэмт хэрэгт шалгагдсан 21 хүнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосон бөгөөд үүний үндэслэлийг нарийвчлан судалсан байна. Судалгаанаас үзвэл 10 хүнийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй /шинжгүй/ үндэслэлээр, 8 хүнийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, 1 хүнийг нэмэлт нотлох баримтыг цуглуулах ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр 2 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн бөгөөд энэ нь шүүхээр шийдвэрлэсэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах, өгөх нийт 92 гэмт хэргийн 2.2 хувийг, нийт хэрэгт холбогдогчдын 0.9 хувийг тус тус эзэлж байна.

 

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болсон 2 хүний 1 нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт, нөгөө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хахууль авах гэмт хэрэгт тус тус холбогдсон аж. Дашрамд дурдахад хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн хүмүүс нь хэрэгт холбогдох үедээ нэгэн аймагт төрийн албанд удирдах болон гүйцэтгэх албан тушаал хашиж байсан ажээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл