Ормузын хоолойд зорчиж явсан нэгэн ачааны хөлөг онгоц өчигдөр халдлагад өртсөний дараа НҮБ-ын харьяа байгууллагууд бүс нутагт гацсан усан онгоц, далайчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа түр хугацаанд зогсоолоо.
АНУ-ын нэгэн албан тушаалтан CNN-д өгсөн мэдээлэлдээ уг хөлөг Ираны дроны халдлагад өртсөн гэж мэдэгдсэн ч нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Иран албан ёсоор хариуцлага хүлээгээгүй боловч халдлага болохоос хэдхэн цагийн өмнө Ираны Хувьсгалт хамгаалагчдын гвард "зөвхөн Ираны баталсан чиглэлээр зорчсон хөлөг онгоц аюулгүй нэвтрэх баталгаатай" хэмээн анхааруулга гаргажээ.
Энэхүү үйл явдал нь өнгөрсөн долоо хоногт АНУ, Иран энхийн хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсоны дараах анхны бүртгэгдсэн халдлага болж, Ормузын хоолой бүрэн аюулгүй болсон гэх АНУ-ын мэдэгдлийг эргэлзээнд орууллаа. Мөн халдлагын дараа дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өссөн байна.
Их Британийн Maritime Trade Operations байгууллагын мэдээлснээр ачааны хөлөг онгоц баруун талаасаа үл мэдэгдэх суман төрлийн зэвсэгт оногдож, удирдлагын бүхээг нь гэмтжээ. Халдлагын улмаас хүний амь эрсдээгүй бөгөөд байгаль орчинд сөрөг нөлөө учраагүй байна.
Үүссэн нөхцөл байдлын улмаас International Maritime Organization Персийн булангийн бүсэд дайн эхэлснээс хойш гацсан олон зуун усан онгоц болон 11 мянга гаруй далайчныг нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа түр зогсоох шийдвэр гаргажээ.
Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Арсенио Доминикез "Далайчдын аюулгүй байдал хамгийн тэргүүний зорилт хэвээр байна. Навигацийн аюулгүй байдлыг хангаж, нөхцөл байдал тодорхой болох хүртэл нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөг түр зогсоож байна" хэмээн мэдэгдэв.
MarineTraffic-ийн мэдээллээр энэ долоо хоногт Ормузын хоолойгоор дамжин өнгөрсөн хөлөг онгоцны тоо хоёрдугаар сарын сүүлээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн бөгөөд зөвхөн лхагва гарагт 70 хөлөг хоолойг нэвтэрчээ. Тэдгээрийн ихэнх нь Оманы эргийг дагасан маршрутыг ашигласан байна.
Үүний зэрэгцээ Иран Ормузын хоолойг хянах боломжоо хэлэлцээний гол хөшүүрэг гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн бол шинээр байгуулагдсан Persian Gulf Seaways Management Organization байгууллага зөвшөөрөгдөөгүй маршрутаар зорчсон хөлөг онгоцны аливаа эрсдэлийг эзэмшигч, оператор болон ахмад өөрсдөө бүрэн хариуцна гэж мэдэгджээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!