2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шатны 16 багийн тоглолтод Испанийн шигшээ Португалыг 1:0-ээр буулган авч, шөвгийн наймд шалгарлаа.

АНУ-ын Техас мужийн Арлингтон дахь Dallas Stadium-д болсон тоглолтын хувь заяаг сэлгээнээс талбайд гарсан Микел Мерино шийдэж, нэмэлт цагийн эхний минут буюу 90+1 дэх минутад гоол оруулснаар Испанийн ялалтыг авчирлаа.

Тоглолтын дараа Португалын ахлагч, 41 настай Криштиану Роналду нулимс дуслуулан хөгжөөн дэмжигчиддээ талархал илэрхийлсэн байна. Роналду дэлхийн аваргын тэмцээнд нийт 27 тоглолтод оролцсон бөгөөд энэ үзүүлэлт нь ДАШТ-ий түүхэн дэх хамгийн өндөр амжилтуудын нэгт тооцогдож байна.

Тэрбээр тоглолтын дараах хэвлэлийн хурлын үеэр:

"ДАШТ-ийг ийм байдлаар өндөрлүүлж байгаа нь харамсалтай. Би талбай дээр бүхнээ зориулсан учраас харамсах зүйлгүй буцаж байна. Энэ миний сүүлийн ДАШТ байсан. Харин Португалын шигшээ багаас зодог тайлах эсэхээ одоогоор шийдээгүй. Гэр бүлтэйгээ ярилцаж, сэтгэл хөдлөлөөр биш бодож байж шийдвэрээ гаргана" хэмээн мэдэгдсэн байна.

Мөн тэрээр Португалын шигшээ багийн төлөөх замналдаа гурван томоохон цом хүртсэнээ онцолж, 2016 оны Европын аваргын түрүүг өөрийн карьерын хамгийн үнэ цэнтэй амжилтуудын нэг хэмээн үнэлжээ.

Харин Испанийн шигшээ ийнхүү шөвгийн наймд шалгарч, дараагийн шатанд Бельги–АНУ-ын тоглолтын ялагчтай учраа таарахаар болсон байна.

Эх сурвалжууд: