Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаа шигшээ тоглолтын үеэр хагас цагийн хөгжмийн шоу (Halftime Show) зохион байгуулахаар FIFA албан ёсоор баталлаа.

Тус шоу нь АНУ-ын "Супер Боул"-ын хагас цагийн үзүүлбэрийн жишгээр зохион байгуулагдах бөгөөд нийт 11 минут үргэлжлэхээр төлөвлөгджээ.

FIFA-ийн мэдээлснээр поп од Жастин Бибер энэхүү түүхэн тоглолтын уран бүтээлчдийн бүрэлдэхүүнд нэгдсэн байна. Тэрбээр ирэх долоодугаар сарын 19-нд Нью-Жерси мужийн "МетЛайф" цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий шигшээ тоглолтын үеэр попын домогт дуучин Мадонна, Колумбын супер од Шакира болон BTS хамтлагийн хамтаар тайзнаа тоглолтоо хүргэх аж.

Шоуг Их Британийн Coldplay хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин найруулан бэлтгэж байгаа бөгөөд дэлхийн хүүхдүүдийн боловсролыг дэмжих зорилгоор 100 сая ам.долларын санхүүжилт босгохыг зорьж буй юм.

FIFA энэхүү тоглолтыг дэлхийн спорт, хөгжмийн салбарын түүхэн үйл явдал болохын зэрэгцээ хамгийн олон үзэгчтэй шууд дамжуулалтын нэг болно хэмээн үзэж байна.