Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа.
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэгийн мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд Хууль зүй, дотоод хэргийн сайд болон харьяа байгууллагуудын хооронд ноцтой гэмт хэргийн талаар харилцан мэдээлэл хийсэнтэй холбоотойгоор нөхцөл байдал үүссэн байна.
Тэрбээр уг нөхцөл байдлын улмаас дотоодын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд эрсдэл учирсан төдийгүй хууль сахиулах байгууллагад итгэх иргэдийн итгэлд сөргөөр нөлөөлөх асуудал үүссэн гэж Ерөнхий сайд үзсэн. Иймд Ерөнхий сайд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд салбарын сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан байна.
Мөн уг асуудалтай холбогдуулан сүүлийн хоёр өдрийн турш олон нийтэд нэр нь дурдагдсан, өөрсдөө мэдэгдэл хийсэн Цагдаагийн байгууллага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг холбогдох агентлаг, байгууллагын дунд болон дээд шатны албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шалгуулах үүргийг Ерөнхий сайд өгчээ.
Ингэснээр үүссэн нөхцөл байдлын үнэн мөнийг хуулийн дагуу тогтоож, олон нийтэд бий болсон эргэлзээг арилгах чиглэл баримталж байгаа аж.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын дараагийн томилгоо хийгдэх хүртэл Засгийн газрын танхимын аль нэг сайд тус яамны сайдын үүргийг түр орлон гүйцэтгэх бөгөөд одоогоор хэн уг үүргийг хүлээн авах нь тодорхойгүй байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!