УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин тусгай хяналтын дэд хороог байгуулах асуудлыг удаа дараа хойшлуулж байгааг шүүмжилж, ил болж буй ноцтой мэдээллүүдийг нягтлан шалгах шаардлагатайг онцоллоо.

Тэрбээр, “Тусгай хяналтын дэд хороог байгуулахгүй өдийг хүртэл хойшлуулж байна. Ил болж байгаа энэ ноцтой мэдээллүүдийг нягталж, ялгах гол байгууллага нь энэ.

УИХ-ын гишүүд Засгийн газрын сайдуудад загнуулдаг хүмүүс биш. УИХ-ын дарга хэлж, анхааруулмаар байна. Намынхаа том фракцыг хараад "гүлдийгээд" сууж байж болохгүй. Шийдвэр гаргагчид нь удганы арын өрөөнөөс биш, УИХ-ын танхимаасаа ажилламаар байна.

Гаднын тусгай албад Монгол Улсад гүйцэтгэх ажиллагаа явуулах ямар ч шаардлагагүй юм байна. Зүгээр л нэг удганд Монгол төрийн бүх мэдээлэл байж байдаг аж.

“Тусгай хяналтын дэд хороо байгуулж, гүйцэтгэх ажиллагаа хууль бус байсан уу, хэн нь үнэн, худал ярьж байна гэдгийг мэдэх хэрэгтэй" гэв.

Монгол Улсын дотоод аюулгүй байдалд болон хууль сахиулах үйл ажиллагаа бүрэн дампуурсан нь өрнөж буй үйл явдлуудаас харагдаж байна. Ийм байхад гадны тагнуул, тусгай хүчний байгууллага хэдэн удганы ард сууж байгаад бүх нууц мэдээллийг нь авч, биднийг залах нь.Энэ бүгдэд одоо цэг тавих цаг нь болж, УИХ ажлаа хиймээр байна.

Тэрбээр эдгээр асуудалд цэг тавьж, парламент өөрийн бүрэн эрхийн хүрээнд хяналт тавин ажиллах шаардлагатайг онцоллоо.

“Ардын намынхан өөрсдөө ‘хүчний байгууллага’ гэж ярьдаг. Хүчний гэж магтан дуулсаар байгаад одоо хүчний байгууллагууддаа өөрсдөө хүчирхийлүүлээд дуусах гэж байгаа юм. Мөрдөстэй генералууд төрийн эрх мэдлээр жонглёр тоглож байгаа юм байна. Тэр нь галт уул шиг дэлбэрлээ.”