УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан  мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Энэ бол зүгээр нэг сайдыг чөлөөлөх тухай асуудал биш. Бусармаг үйл ажиллагаатай эвлэрээгүйнхээ төлөө нэг битгий хэл, хорь чөлөөлөгдөж, ажлаа өгсөн ч надад харамсах зүйл байхгүй. Би Хууль зүй, дотоод хэргийн салбарт очихдоо төрийн байгууллага, салбар нь арай ч ийм түвшинд хүртлээ улс орныхоо эрх ашгийг худалдчихсан, зарим нэг ялзарсан цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагуудаар дамжуулан төр нь барьцаанд орж, Засгийн газар нь хүртэл дуугарч чадахаа больтол барьцаалагдсан гэж төсөөлөөгүй.

Хэдийгээр богино хугацаанд ажилласан ч хар тамхи, хууль бус алт олборлолттой холбоотой асуудлууд болон төрийн байгууллагуудад хувийн явцуу ашиг сонирхлоо шингээн гүйцэлдүүлдэг бүлэглэлүүдийн үйлдэлд анхаарч ажилласан. Намайг өнөөдөр албан тушаалаас чөлөөлж болох ч миний үзэл бодол, үнэт зүйлийг хэзээ ч, хэн ч чөлөөлж чадахгүй.

Монгол Улсын үндэсний болон дотоод аюулгүй байдалтай холбоотой ноцтой олон асуудлаар би шүгэл үлээж, ард түмэнд мэдээлэл хүргэсэн, ингэхээс ч өөр арга байгаагүй. Цаашид ч улам чанга дуугарч, шүгэл үлээх болно. Өнөөдөр манай улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна. Харамсалтай нь бүх түвшиндээ үүнийг нуун дарагдуулж ирсэн. Үндэсний аюулгүй байдлын эдгээр асуудлаар мэдээлэл хийж, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай. Их хурал, Засгийн газрын түвшинд Тусгай хяналтын дэд хороо байгуулах зэргээр сонсгол хийж, олон нийтэд ил болгох ёстой. Цаана нь ярихгүй нуух зүйл байлаа ч ард түмнээсээ бүхнийг нууна гэсэн үг биш. Хүүхэд залуус, иргэдийн хувь заяа асар аюултай дээсэн дөрөөн дээр байна. Би тодорхой баримттай, нэр устай нь зарласан. Хүнийг үндэслэлгүйгээр гүтгэж болохгүй. Цаашид ч дэлгэх мэдээлэл, дурдаагүй сэдэв олон бий. Намайг албан тушаалаас хөндийрүүлж болох ч олж харсан тэр аймшигтай, улс орны хувь заяатай холбоотой баримт нотолгооноос намайг үгүй хийхээс нааш хэзээ ч холдуулж чадахгүй. 

Дараагийн сайдад маш их дарамт, шахалт ирнэ. Асар их зориг тэвчээр, хатуу зарчим шаардагдана. Төрөл бүрийн нөлөөлөлд оруулах, ажлыг нь хийлгэхгүй байх, гаргасан шийдвэрийг нь буцаалгах гэж оролдоно. Гэр бүл, үр хүүхэд, амь нас, эрүүл мэндээр нь хүртэл барьцаалах гэж оролдоно. Үүнээс хэзээ ч ухарч зугтаж болохгүй гэдгийг өөрт нь хэлсэн, ажлаа хүлээлгэж өгөхдөө ч албан ёсоор захина. Хэрэв зөв хүн томилогдож байгаа бол хамтарч, дэмжиж ажиллахад бэлэн байна.