Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо өчигдөр ирцийн босгон дээр гацсан. Харин өнөөдөр 14.00 цагаас УИХ-ын чуулганаар уг асуудлыг дахин хэлэлцэхээр товлоод байна.
УИХ-ын 126 гишүүнтэй чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 63 гишүүний ирцтэй буюу 50 хувийн босгон дээр удаан хугацаанд гацаж, хэлэлцэх асуудлаа бүрэн үргэлжлүүлж чадалгүй хойшилсон. Ингэснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудал өчигдөр шийдэгдсэнгүй.
МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн. Улмаар С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Г.Тэмүүлэнг томилох асуудал УИХ-д орж ирсэн юм.
Гэвч нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэхээс өмнө парламентын ирц өөрөө гол саад болж байна. Өчигдрийн ирцийн байдлыг нам, эвслээр авч үзвэл МАН-аас 48, АН-аас 5, ХҮН намаас 7, ИЗНН-аас 2 гишүүн ирсэн бол Үндэсний эвслийн гишүүдээс ирц бүрдээгүй талаар мэдээлсэн.
Өнөөдрийн хувьд Г.Тэмүүлэнгийн томилгоог хэлэлцэхээс өмнө парламентын танхимд ирц бүрдэх шаардлагатай. Өчигдөр 63 дээр тогтсон ирц өнөөдөр 64-өөс дээш гарах эсэх нь анхаарлын төвд байна.
Хэрэв шаардлагатай ирц бүрдвэл ХЗДХ-ийн сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж, санал хураалт явуулах дараагийн шат руу шилжих боломжтой. Г.Тэмүүлэн томилогдсон тохиолдолд 2024 оноос хойших Хууль зүй, дотоод хэргийн тав дахь сайд болох юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!