Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын 16-нд болсон Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Дараагийн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилсон. Шинэ сайд томилогдсоноосоо хойш өөрийн бүрэн эрхэд хамаарах дөрвөн албан тушаалтнаас гурвыг нь өөрчилж, цагдаагийн байгууллагын удирдлагад томилгоо хийжээ.
ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар Б.Ганчулууныг томилов
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ажиллаж байхдаа өнгөрсөн зургаадугаар сард ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Ганчулууныг Тээврийн цагдаагийн албаны даргаар шилжүүлэн томилсон.
Б.Ганчулуун нь 2020 оноос хойш Эрүүгийн цагдаагийн албаны даргаар, 2023 оноос ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байжээ. Улмаар 2025 онд ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон ч 2026 оны зургаадугаар сард Тээврийн цагдаагийн албаны даргаар шилжин ажилласан байна.
Ингээд Тээврийн цагдаагийн албаны даргаар гурван сар орчим ажилласныхаа дараа ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд даргын албан тушаалд эргэн томилогджээ.
Түүний АТГ-т гаргасан хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн орлогыг 40 сая, гэр бүлийн орлогыг 12 сая төгрөгөөр мэдүүлсэн байна.
Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 2020 онд 295 сая, 2021 онд 410 сая, 2024 онд 1.2 тэрбум төгрөг болсон гэж мэдүүлжээ. Түүнчлэн 80 сая төгрөгийн автомашин, 77 сая төгрөгийн мал, 47 сая төгрөгийн газар, 15 сая төгрөгийн үнэт эдлэл, 20 сая төгрөгийн авлага, 876 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.
Б.Дэлгэрсайхан мөн ЦЕГ-ын дэд даргын албан тушаалдаа эргэн ирэв
ЦЕГ-ын дэд даргаар Б.Дэлгэрсайхан мөн эргэн томилогджээ. Тэрбээр Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллаж байх үед ЦЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан. Харин С.Амарсайхан ХЗДХ-ийн сайдаар томилогдсоныхоо дараа 2026 оны зургаадугаар сард түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тэгвэл шинэ сайд Г.Тэмүүлэн Б.Дэлгэрсайханыг гурван сарын дараа ЦЕГ-ын дэд даргаар буцаан томилов.
Б.Дэлгэрсайхан хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 69.4 сая, гэр бүлийн орлогыг 68 сая, хөрөнгө борлуулсны орлогыг 20 сая төгрөгөөр мэдүүлсэн байна.
Түүний үл хөдлөх хөрөнгийг 504 сая төгрөгөөр үнэлсэн бөгөөд нийтийн орон сууц нэг, хашаа байшин хоёр, авто зогсоол хоёр гэж мэдүүлжээ. Мөн 28 сая төгрөгийн Toyota Prius-50 автомашин, 70 сая төгрөгийн газар, 17.1 сая төгрөгийн хадгаламжтай, 217.3 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлсэн байна.
Д.Дашнямыг ЦЕГ-ын дэд даргаар дэвшүүлэн томилжээ
Харин ЦЕГ-ын нөгөө дэд даргын албан тушаалд Хан-Уул дүүргийн цагдаагийн удирдлагаар ажиллаж байсан Д.Дашнямыг дэвшүүлэн томилжээ.
Д.Дашням нь 2021 оноос Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс болон газрын даргаар ажилласан бөгөөд эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр аж. Тэрбээр цагдаагийн байгууллагад 24 дэх жилдээ ажиллаж байгаа байна.
Түүний хөрөнгө, орлогын мэдүүлэгт өөрийн орлогыг 63.9 сая, гэр бүлийн орлогыг 249.9 сая төгрөгөөр мэдүүлжээ.
Мөн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ 1.055 тэрбум төгрөг, автомашины үнэлгээ 95 сая төгрөг бөгөөд Kia Sportage Crossover болон Toyota Harrier автомашинтай гэж мэдүүлсэн байна.
Түүнчлэн 17 сая төгрөгийн мал, 98 сая төгрөгийн газар, 51 сая төгрөгийн үнэт эдлэл, 10.9 сая төгрөгийн хадгаламж, 60 сая төгрөгийн авлага, 513.6 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгажээ.
Ийнхүү ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн томилогдсоноос хойш ЦЕГ-ын тэргүүн дэд дарга болон хоёр дэд даргын албан тушаалд өөрчлөлт орж, өмнө нь тус албан тушаалд ажиллаж байсан хоёр албан тушаалтан эргэн томилогдсон бол нэг албан тушаалтныг дэвшүүлэн томиллоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!