Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас Ерөнхий хяналтын сонсголыг үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Сонсголын ирцийг өнөөдөр өглөө 07:30 цагаас бүртгэж, гурван цаг орчим хүлээсэн ч ирц бүрдээгүйн улмаас хойшиллоо. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд байдаг Ардчилсан намын гишүүд бүгд ирцэндээ ороод хүлээлээ. Татвар төлөгчдийн мөнгийг зээл, тусламж нэрийдлээр булхай, үрэлгэн байдлаар зарцуулсан асуудлыг ярих гэхээр ирэхгүй байна.

Өчигдрийн сонсголын үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат сайд өөрийгөө магтсан хүмүүсийг зохион байгуулалттайгаар оролцуулсан. Түүнчлэн өмнөх сайд нарын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ярих үеэр хамгаалсан байр суурь илэрч, улмаар малчидтай маргалдсан. Хөдөө аж ахуйн салбарт нийтдээ ойролцоогоор 3 их наяд төгрөгийн төлөгдөөгүй зээл байна. Гэтэл ирэх оны төсөвт тус салбарт дахин 280 тэрбум төгрөгийн санхүүжилт төрөөс авахаар тусгасан. Өнөөдөр сайд нь ч байхгүй, тэгэхээр үүнийг бол "бойкот" гэж харж байна.

2023, 2024, 2025 онд ажиллаж байсан ХХААХҮ-ийн сайд нарын үйл ажиллагаатай холбоотой хариуцлагын асуудлыг баримтад үндэслэн авч үзэх нөхцөл харагдаж байна. Түүнчлэн зээлээ төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн нэрийг шаардлагатай тохиолдолд олон нийтэд мэдээлнэ.