Буцалсан усны зөөлөн чимээ, шинэхэн нунтагласан кофены үнэр, аяганы амсраас үл ялиг суунаглах уур… Өдөр бүр давтагддаг энэ хэдхэн хором бидний амьдралын хамгийн энгийн атлаа хамгийн үнэ цэнтэй завсарлага байж мэднэ.
Кофе гэдэг зүгээр нэг халуун уух зүйл биш. Заримдаа ядарсан өглөөг эхлүүлэх шалтгаан, заримдаа удаан уулзаагүй хүнийг хүлээх шалтаг, заримдаа ганцаараа сууж бодлоо цэгцлэх чимээгүй нөхөр болдог.
Хэн нэгэн кофегоо гашуун хэвээр ууна. Хэн нэгэн сүү, элсэн чихэр нэмнэ. Зарим нь мөстэйг сонгоно. Харин зарим хүнд кофены амтнаас илүү түүнийг ууж суусан газар, хамт байсан хүн нь дурсамж болон үлддэг.
Өнөөдөр буюу аравдугаар сарын 1-нийг олон улсын кофены өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр зөвхөн кофены амт, соёлыг тэмдэглэхээс гадна нэг аяга кофег бидэнд хүргэхийн төлөө ажилладаг тариаланчдаас эхлээд боловсруулах, тээвэрлэх, шарах, найруулах хүртэлх урт замыг мэдрэх өдөр юм. НҮБ-ын мэдээллээр дэлхий даяар 25 сая хүртэлх тариаланч өрх кофены үйлдвэрлэлд оролцож, дэлхийн кофены үйлдвэрлэлийн ойролцоогоор 80 хувийг бий болгодог байна.
Заримдаа утсаа ширээн дээр тавиад, цонхоор гадагш харж, кофегоо яаралгүй оочлоод суух хэрэгтэй. Хэн нэгэнтэй ярилцах гэж биш, ямар нэгэн ажил амжуулах гэж биш, зүгээр л өөртэйгөө хэдхэн минут хамт байхын тулд.
Кофе хөрөхөөс өмнө хэлэх үгээ хэлж болно, уучилж болно, эсвэл юу ч хийхгүйгээр, аяган дахь уур нь замхарч, өглөөний нар цонхоор тусахыг хэсэг зуур ажиглаж болно.
Өвлийн хүйтэн өглөө халуун американо гар дулаацуулж, намрын сэрүүнд халуун капучино амтагдана. Зуны халуунд мөстэй латте сэрүүцүүлж, хаврын өглөөний зөөлөн гэрэлд карамель макиато анхилна. Улирал бүр кофены өөр өнгө, өөр амттай. Харин өглөөний кофегоо амсах тэр ганцхан мөчид бид бүгд ижилхэн гэртээ ч байсан, кофе шопт ч байсан, эсвэл оффисын ширээн дээрээ ч байсан ялгаагүй...








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!