Цагдаагийн байгууллагад уг хэргийн талаарх дуудлага, мэдээлэл өчигдөр 14:21 цагт бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 29-52 насны этгээдүүд хамт архидан согтуурч байх үедээ маргалдан, улмаар 29 настай эрэгтэй “Ж”, 52 настай эрэгтэй “С”-г зодож, амь насыг нь хохироосон бөгөөд хэргийн газраас зугтсан нөхцөл байдал тогтоогджээ.

Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, сэжигтэй этгээдийг олж тогтоон саатуулсан байна. Одоогоор хэргийг шалгаж байгаа аж.

Цагдаагийн байгууллагад энэ оны эхний найман сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг 139 бүртгэгджээ.

Согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх нь өөрийгөө хянах чадварыг сулруулж, улмаар бусадтай маргалдах, бусдын биед халдах, танхайрах, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах нөхцөлд хүргэж болзошгүй.

Иймд согтууруулах ундааг зохистой хэрэглэх, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.