Монгол Улс Багш нарын баярыг 1966 оноос 2 сард тэмдэглэж ирсэн бөгөөд Засгийн газрын 2013 оны 412 дугаар тогтоолоор “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх” журамд Монголын багш нарын өдрийг жилийн бүрийн 10 сарын 5-нд тэмдэглэж байхаар тогтсон билээ.
Өглөө бүр сургуулийн хаалга нээгдэхэд хамгийн түрүүнд ажилдаа ирдэг хүмүүсийн нэг нь багш. Харин хичээл тарсны дараа хүүхдүүд гэрийн зүг явсан ч багшийн ажил дуусдаггүй. Маргаашийн хичээлээ бэлтгэх, сурагчдын даалгавар шалгах, эцэг эхтэй харилцах, сургалтын үр дүнгээ үнэлэх гээд анги танхимаас гадуурх ажил тэдний өдөр тутмын амьдралын нэг хэсэг.
ЮНЕСКО-гийн мэдээллээр дэлхий нийт 2030 он гэхэд бүх хүүхдэд чанартай боловсрол олгохын тулд багшийн хомсдолтой тэмцэх шаардлагатай байгаа бөгөөд 2030 он гэхэд дэлхийд ойролцоогоор 44 сая багш дутагдахаар тооцоолсон байна.
Монгол Улсад ч боловсролын салбарын ачаалал, багшийн хүрэлцээ, ажлын орчин, цалин хөлсний асуудал олон жил анхаарлын төвд байсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд багшийн цалин, ажлын ачааллыг бууруулах, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлаар төрөөс үе шаттай арга хэмжээ авч байгаа ч анги дүүргэлт, хүний нөөцийн хүртээмж зэрэг асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр.
Гэхдээ багшийн ажлыг зөвхөн статистикаар хэмжихэд бас учир дутагдалтай.
Учир нь нэг багшийн өдөрт заасан хэдэн цагийн хичээлийн ард хэдэн арван хүүхдийн өөр өөр хэрэгцээ, зан чанар, гэр бүлийн орчин, суралцах түвшин бий.
Нэг нь хичээлээ хурдан ойлгоно. Нөгөө нь дахин дахин тайлбарлуулах хэрэгтэй болно. Зарим хүүхэд асуултаа чангаар асууж чаддаггүй.
Тиймээс багшийн ажлын үр дүнг зөвхөн шалгалтын оноо, олимпиадын медаль, төгсөгчдийн тоогоор хэмжих боломжгүй.
Сургуулиа төгссөн шавь нь мэргэжлээрээ ажиллаж эхлэхэд, анх зааж өгсөн мэдлэгээ амьдралдаа ашиглахад, өөрөө хүүхэдтэй болоод багшийнхаа хөдөлмөрийг ойлгох тэр мөчид багшийн ажил ямар үнэ цэнтэй байсныг илүү тодорхой мэдэрдэг.
Өнөөдөр Багш нарын баярыг тэмдэглэхдээ тэдэнд баяр хүргэхийн зэрэгцээ нэг зүйлийг санах хэрэгтэй.
Боловсролын чанар багшийн чанараас эхэлдэг. Харин сайн багш зөвхөн сайн хичээл заадаг хүн биш, хүүхдэд сурах хүсэл, өөртөө итгэх итгэл, ирээдүйгээ бүтээх боломжийг өгдөг хүн юм.
Тиймээс багшийн хөдөлмөрийг нэг өдрийн баяраар бус, өдөр бүрийн хүндлэл, зөв бодлого, таатай ажлын орчин, мэргэжлийн үнэ цэнийг нь дэмжсэн шийдвэрээр үнэлэх нь хамгийн бодит талархал байх биз ээ.
Багш нартаа баярын мэнд хүргэе.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!