Нэгдүгээр ангийн сурах бичгийг шинэчлэн боловсруулах, хэвлэхтэй холбоотой асуудлаар “Монсудар” хэвлэлийн газраас мэдээлэл хийлээ.
Монсудар хэвлэлийн газрын захирал Р.Энхбат: "Тавилттай тендер гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Хэнийг, яаж шалгаруулах уу, хэдэн төгрөг өгөх үү гээд бүх зүйлээ төлөвлөөд тендер зарладаг. Ийм хайрцагт ороод гарлаа. Хайрцаг яагаад үүсдэг гэхээр, төрийн эрх мэдэл томрохоор үүсдэг юм байна. Төр өөрийнхөө хийх ёсгүй зүйлийг хийгээд ирэхээр хайрцаг томордог. Хийх ёсгүй ажлаа хийгээд ирэхээр мөнгө дагалддаг юм байна".
Тус хэвлэлийн газрын зүгээс нэгдүгээр ангийн сурах бичгийн шинэчлэл дээр мэргэжлийн баг, судлаачид удаан хугацаанд ажилласан боловч шинэ тендерийн сонгон шалгаруулалтаар мэргэжлийн багуудыг хассан гэж мэдээлэв.
Мөн нэг сарын өмнө зарласан тендерээр нэгдүгээр ангийн сурах бичгийг хэвлэх эрхийг улс төрийн албан тушаалтнуудтай хамаарал бүхий компаниуд авсан гэх мэдээллийг “Монсудар”-ын төлөөлөл өглөө. Тодруулбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нартай хамаарал бүхий компаниуд тендерт шалгарсан гэж тэд мэдэгдсэн байна.
Түүнчлэн сурах бичгүүдийг хиймэл оюун ухаан ашиглан богино хугацаанд, нэг сарын дотор боловсруулж хэвлэсэн гэх асуудлыг хөндлөө. “Монсудар”-ын зүгээс сурах бичиг боловсруулах ажил нь зөвхөн текст, зураг бэлтгэхээс гадна хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, хэл найруулга, агуулгын уялдаа, зураг дүрслэл, мэргэжлийн редакторын хяналт зэрэг олон шатны нарийн ажиллагаа шаарддаг гэдгийг онцолсон юм.
Тэдний үзэж буйгаар, нэгдүгээр ангийн сурах бичигт гарсан алдаа нь хүүхдийн боловсролд шууд нөлөөлөх эрсдэлтэй бөгөөд эдийн засгийн ашиг сонирхлоос илүүтэй сурах бичгийн чанар, хүүхдийн сурах эрхийг нэн тэргүүнд тавих шаардлагатай гэв.
Монсудар: "1990 оноос хойш хүүхдийн сурах бичгийн чанарын асуудал анхаарал татсаар ирсэн. Тухайлбал, хамгийн их анхаарал, мэргэжлийн хяналт шаарддаг нэгдүгээр ангийн сурах бичигт гурван хөлтэй хүүхдийн зураг орсон зэрэг алдаа илэрсэн нь ёс зүй болон чанарын хяналтын асуудал үүсгэж байна гэж үзэж байна" гэв.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!