2026 оны аравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд хүрэн баавгай үзэгдсэн, суурьшлын бүсэд нэвтэрсэн болон малд халдсан тухай нийт 62 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн 46 нь Завхан аймгийн есөн суманд гарсан байна. Харин Хөвсгөл аймагт иргэдийн аюулгүй байдалд эрсдэл учруулсан гурван тохиолдолд баавгайг аюулгүй болгожээ.
Мөн Хэнтий, Дархан-Уул, Завхан аймаг болон нийслэлд ирсэн дуудлага, мэдээллийн дагуу эрэн хайх, самналтын ажиллагаа явуулсан байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороонд баавгай үзэгдсэн гэх мэдээлэл шалгахад батлагдаагүй аж.
Түүнчлэн улсын тусгай хамгаалалттай газар нутгуудад баавгайтай холбоотой зургаан дуудлага бүртгэгдсэн бөгөөд байгаль хамгаалагчид эргүүл, хяналт хийж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон холбогдох байгууллагууд дуудлага, мэдээллийн дагуу шуурхай ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байгаа юм.
Иймд иргэдийг баавгайтай таарсан тохиолдолд ойртохгүй байх, өдөж үргээхгүй байх, тухайн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагад шуурхай мэдэгдэхийг анхаарууллаа. Мөн баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг зөвлөж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!