Франц улсад Засгийн газрын төсвийн таналт болон амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал өргөжиж, улс даяар хагас сая гаруй хүн оролцсон талаар мэдээлжээ. Жагсаалын үеэр нэг хүн амиа алдаж, 500 гаруй цагдаагийн алба хаагч гэмтсэн бол 1,800 орчим хүнийг баривчилсан байна.
Эхэндээ боловсролын салбарын санхүүжилтийг бууруулах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцсэн сурагч, оюутнуудын жагсаал хэлбэрээр эхэлсэн уг хөдөлгөөн өргөжиж, амьжиргааны өртгийн өсөлт болон төрийн үйлчилгээний чанарт сэтгэл дундуур байгаа иргэдийг хамрах болжээ.
Францын Дотоод хэргийн сайдын мэдээлснээр, Парис хотод болсон жагсаалын үеэр нэг хүн зүрх нь зогссоны улмаас нас барсан байна. Мөн тус улсын олон арван хотод жагсаал өрнөж, нийт оролцогчдын тоо хагас сая давжээ.
Жагсаалын үеэр Парис, Марсель, Лион, Бордо зэрэг хотод зарим бүлэг этгээд дэлгүүрүүдийг дээрэмдэж, нийтийн барилга байгууламжийг эвдэн сүйтгэсэн байна. Тухайлбал, Лимож хотын 143 жилийн түүхтэй хотын захиргааны байр галд өртөж, барилгын зарим хэсэг ихээхэн сүйджээ.
Францын Carrefour компанийн гүйцэтгэх захирал Александр Бомпар BFMTV телевизэд ярилцлага өгөхдөө, компанийн 50 дэлгүүр эвдэрч гэмтсэнээс 20 нь дээрэмдүүлсэн бөгөөд учирсан хохирол хэдэн арван сая еврогоор хэмжигдэж болзошгүйг мэдэгдсэн байна. Ийнхүү төсвийн таналтыг эсэргүүцсэн жагсаал нийгэм, эдийн засгийн өргөн хүрээний асуудлыг хамарч, улс даяар эмх замбараагүй байдал үүсэхэд хүрчээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!