Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Тэрбээр орон сууцны захиалгын залилангаас урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын ажил эхлэхээс дуусах хүртэлх бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгох цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр болсныг мэдэгдэв.

Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг яаралтай горимоор өргөн мэдүүлжээ. Хуулийн өөрчлөлт хэрэгжсэнээр барилгын ажил эхэлснээс дуусах хүртэлх хугацаанд орон сууцны нэгж бүр давтагдашгүй бүртгэлийн QR кодтой болох юм. Ингэснээр нэг орон сууцыг олон хүнд давхар захиалуулах замаар залилан үйлдэх эрсдэлийг бууруулна гэж үзэж байна.

Мөн орон сууцны барилгуудын мэдээллийг E-Mongolia системийн “Баталгаат байр” цэсээр дамжуулан авах боломж бүрдүүлэх аж. Зөвшөөрөлтэй бүх барилгын мэдээллийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор системд оруулахаар төлөвлөжээ.

Улсын хэмжээнд нийт 2,173 дуусаагүй орон сууцны барилга байгаа аж. Эдгээр барилгын мэдээлэл ил тод бус байгаагаас нэг орон сууцыг давхар захиалуулах, иргэдийг залилан мэхлэх тохиолдол гардаг байна. Түүнчлэн барилгын ажлыг зөвшөөрөлгүй эхлүүлэх, эсвэл ажил нь зогсонги байдалд орсноор иргэдийн эрх ашиг хохирох нөхцөл үүсдэг байна.

Шинээр бүрдүүлэх цахим мэдээллийн сан нь барилгын зөвшөөрөл, явц болон орон сууцны бүртгэлийн мэдээллийг ил тод болгож, иргэдийг орон сууц худалдан авахдаа эрсдэлээ урьдчилан үнэлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.